Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд чууллаа

2016 оны 12 сарын 28

Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын VI их хурал өнөөдөр боллоо. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын 80 орчим хувь буюу 1200 гаруй хувийн эмнэлэг /өрхийн эрүүл мэндийн төвийг оролцуулаад/ хэвтүүлэн эмчлэх болон амбулаторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, тэдгээрт  4639 гаруй эмч, сувилагч нар ажиллаж байна.

Тус хурлын нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлж, ялангуяа концессын гэрээгээр дэд бүтцийн болон нийтийг хамарсан тусламж, үйлчилгээг сонгон хэрэгжүүлэх стандартын шалгуур үзүүлэлт, чанарын нөхцлүүдийг тодорхой болгох, улмаар хувийн хэвшлийн удирдлагын чадварлаг арга барилыг нэвтрүүлэх, хамтын нөөцийг зөв зохистой хуваарилах, төрийн зарим үйлчилгээг нөхөх, шилдэг технологийг нэвтрүүлэхэд төрийн зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, давуу эрх олгох, баталгаа гаргах зэргээр дэмжин ажиллана гэв.

Тэрээр цааш хэлэхдээ та бүхний удаан хүлээсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль УИХ-аас батлагдан гарсан нь бидний ирэх жилүүдэд тавьсан зориго зорилтод хүрэх боломж бүрдсэнийг хуваалцахад таатай байна. Тус хууль батлагдсанаар бидний өмнө тулгамдаж буй эмнэлгийн засаглал, тусламж, үйлчилгээний чанар, үр дүнтэй уялдсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлж буй тусламж, үйлчилгээний тарифын ялгааг арилгах, улмаар хариуцлага, хяналтын тогтолцоог түвшин бүрт төлөвшүүлэх шаардлага урган гарах юм.

Мөн эрүүл мэндийн төрийн зарим үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, үе шаттайгаар шилжүүлэхэд хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллах болно. Үүний эхлэл бол бөөрний гемодиализийн эмчилгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоол батлагдаж, 2017 оны 1 дүгээр сараас эхлэн хэрэгжих төр, хувийн хэвшлийн түншлэлийн арга хэмжээ гэдгийг хэллээ.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжсэнээс хойш эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага үүсч хөгжиж, улмаар хүсэл, зорилгоороо эвлэлдэн нэгдэж Монголын хувийн хэвшийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо болон өргөжин хөгжиж иржээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
39412
0 эможи
keyboard_arrow_up