ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР
ЭХЭМҮТ-ийн хамт олныг Монголынхоо эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсийн төлөө сэтгэл харамгүй зүтгэж ирснийг төрөөс үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шагналаа.
Анх үүссэн цагаасаа л гадны туршлагыг өөрийн орны хөрсөн дээр буулгаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чин зориг, эрмэлзлэл дүүрэн ажиллаж ирсэн арвин баялаг түүхтэй хамт олон юм.
Эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Яаралтай тусламж ба шийдэл” хэлэлцүүлгийг ЭМЯ дээр зохион байгуулж, тус яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлөөс тодорхой шийдлүүдийг тавин холбогдох албаны хүмүүстэй санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Үндэсний хэмжээний түргэн тусламжийн тогтолцоог боловсронгүй болгох үүднээс бодлогын түвшинд тодорхой шийдвэрүүдийг гаргах асуудлууд тулгараад байна.
Яаралтай тусламжийн асуудал бол эрүүл мэндийн салбарын бодлогын нэг чухал хэсэг төдийгүй иргэн, хувь хүн өөрөө өөртөө болон бусдад үзүүлэх анхны тусламж, түргэн тусламж, мөн эмнэлгийн бус цагдаа, онцгой байдлын алба, гал түймэртэй тэмцэх байгууллага, улаан загалмайн ажилтнуудын тусламж зэргээс хамааралтай байдаг. Иймээс эмнэлэг хүртэл яаралтай тусламж үзүүлж хүний амь насыг аврах асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш, иргэн болон дээрх мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаатай салшгүй холбоотой юм.
Эрүүл мэндийн салбарын 100 гаруй эрдэмтэд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нотолгоонд суурилсан анагаах ухааныг хэрхэн хөгжүүлэх, үүнийгээ цаашдын бодлогын баримт бичигт хэрхэн тусгах талаар санал бодлоо солилцлоо.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын өнөөгийн байдал болоод цаашид төрөөс баримтлах бодлогын түвшинд хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсны дараа эрдэмтдийн үгийг сонслоо.
Сайд энэ үеэр хэлэхдээ, Засгийн газар 2016 онд Монгол улсын тогтвортой хөгжлийн цогц бодлого-2030 хөгжлийн бодлогын баримт бичгийг батлуулсан. Уг баримт бичигт салбарын хөгжлийн зорилтыг хангах зарчимд өндөр, бүтээмжтэй, дэвшилтэт технологийг салбар бүрт нэвтрүүлэх, инноваци шингэсэн шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжин урамшуулахаар тусгасан байгаа. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны төлөвлөгөөнд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тогтолцоог бий болгох гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Ийнхүү ажиллахад эрдэмтэн та бүхний оролцоо хийгээд судалгаа шинжилгээ, санал санаачилга чухал байдаг, ялангуяа хүн амыг хамрах хүрээ өндөртэй өвчлөлүүдэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллахыг эрдэмтдээс хүслээ.
Говь-Алтай, Өвөрхангай аймгуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулж өглөө
Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл 2 жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн 18 сум, Говь-алтай аймгийн 17 сумдад нийт тус бүр 3 сая долларын өртөгтэй тоног төхөөрөмжийг Японы Иточу компаний төлөөлөл, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, ЭМЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, нар гардуулж өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлэхдээ Говь алтай аймгийн хувьд бусад аймгаас нутаг дэвсгэр том дэд бүтэц тааруу, их онцлогтой. Эмнэлэгт нарийн үзлэг оношилгоо хийх шаардлагатай тоног төхөөрөмж байдаггүйн улмаас ард иргэд сумаас аймаг руу аймгаас хотруу явдаг байсан бол ийнхүү сумандаа аймагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртож байгааг цохон хэллээ.
Өсвөр насныхан ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэгтэй болно
ХДХВ буюу хүний дархал хомсдолын вирус, ДОХ буюу Дархлалын олдмол хам шинж гэх хүн төрхлөхтөний айдас болсон уг өвчиний халдварын тоо манай улсад жил ирэх бүр нэмэгдсээр байна. Тэдний дөрвөн хувийг өсвөр насныхан буюу 15-19 насныхан эзэлдэг гэсэн дүн мэдээ бий. Өнөөдөр өсвөр насныхан маань “том хүн” болох гэж яарахдаа бэлгийн амьдралдаа буруу алхам хийж, түүнээсээ болж насан туршдаа засч болохооргүй алдаа гаргаж байна.
Глобал сангийн ДОХ-ын төслийн дэмжлэгээр өнөөдөр Хан-уул дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх боловсрол олгох үе тэнгийн сургагчдыг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа.