ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР
Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн дагуу ЭХЭМҮТ-ийн 8 эмч “Эх, ургийн анагаах ухаан судлал”-аар төрөлжсөн нарийн мэргэшлийг эзэмшиж, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэмлэхээ гардан авлаа.
Тус эмч нар тусгай хөтөлбөрийн дагуу 3 жилийн хугацаанд цахимаар болон ажлын байран дээрээ суралцсан бөгөөд сургалтын үр дүнд жирэмсэн үед ургийн оношилгоог олон улсын практик удирдамж, стандартын дагуу хийх чадвартай болж байгаа юм.
Эмнэлэг хоорондын чирэгдэл багасна
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдлийг бууруулах, ачааллыг тэнцвэржүүлэн эрүүл мэндийн байгууллагын шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэгээс санаачлан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал хооронд үйлчлүүлэгч шилжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УГТЭ, УНТЭ, ХСҮТ, БГДЭМТ, БЗДЭМТ, СХДЭМТ, СБДЭМТ, ХУДЭМТ, ЧДЭМТ болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас Мишээл зэрэг эмнэлгүүдийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, чанарын албаны дарга, менежер болон тус эмнэлгийн удирдлага, эмч нарын төлөөлөл нийт 40 гаруй ажилтан оролцсон юм.
Шилэн эрүүл мэнд төслийн ажлын хэсэг хуралдлаа
Энэ хурлыг эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ахлан хуралдууллаа. Хурлын эхэнд Шилэн эрүүл мэнд төслийн танилцуулгийг хийв. Үргэлжлүүлэн шилэн эрүүл мэнд төслийн хөтөлбөр, эмнэлгийн тусламж, үйлчилгээний ил тод байдлыг хангах, эм эмнэлгийн хэрэгсэл, эмийн сангийн ил тод байдлыг хангах чиглэл зэрэг тус хөтөлбөрт тусгагдах ажлуудын талаар ярилцлаа.
Дорноговийн иргэд гемодиализ эмчилгээг 100 хувь нутагтаа хийлгэдэг болжээ
Дорноговь аймгийн иргэд бөөрний дутагдлын эмчилгээ буюу гемодиализийн эмчилгээ, үйлчилгээг 100 хувь Нэгдсэн эмнэлэгтээ хийлгэдэг болсон байна. Тодруулбал, тус эмнэлгийн гемодиализ эмчилгээний тасаг нээгдээд жил болох хугацаандаа 15 хүнийг, давхардсан тоогоор 733 удаа эмчилгээнд хамруулжээ. Ингэснээр нутгийн иргэд гемодиализ эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандах шаардлагагүй болжээ.
Тус гемодиализ эмчилгээний тасагт ЭМЯ-аас 40 сая төгрөг, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийснээр хоёр гемодиализийн аппарат, нэг усны шүүлтүүрийн аппараттайгаар 2015 оны 12 дугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм.