Элэгний С вирусын төлбөрөөс 210 мянган төгрөг хөнгөлнө
Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл өнөөдөр /2016.12.15/ анх удаа олон нийтэд нээлттэй хуралдаж, есөн асуудал хэлэлцлээ. Энэ хуралдаанаар хэлэлцсэн чухал асуудлын нэг нь элэгний С вирусны эсрэг эмийн үнийг хөнгөлөх асуудал байлаа. Монгол Улсад 2016 оны байдлаар нийт хүн амын 10 хувь нь элэгний С вирустай гэсэн судалгаа гарчээ. Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт 2020 он гэхэд элэгний С вирусын голомтыг устгана гэж тусгасан. 2016 оны есдүгээр сарын байдлаар элэгний С вирустай гэх 18-аас дээш насны 4681 хүн вирусын эсрэг эм уусан нь 98,9 хувийн эерэг үзүүлэлттэй гарчээ. Тиймээс элэгний С вирусын эсрэг эмийн үнийг хөнгөлөх чиглэлээр Нийгмийн даатгалын зөвлөл хуралдаж, нэг хайрцаг эмнээс 210 мянган төгрөг хөнгөлөхөөр болжээ. Зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийг Эрүүл мэндийн яамтай хамтран журам гаргасанаар хэрэгжиж эхлэх юм. Элэгний С вирусын эсрэг таван төрлийн эм 300-728 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж.
Мөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар нийгмийн даатгалын сангийн 2016 оны эхний хагас жилийн санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланг сонслоо. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн 34 байгууллагад 1506 байцаагч, ажилтан ажилладаг. 2016 оны эхний хагас жилийн байдлаар давхардсан тоогоор нэг сая 765 мянган даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, 634,6 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулж, орлогоо 102,1 хувиар биелүүлжээ. Мөн давхардсан тоогоор гурван сая 133 мянган даатгуулагчид 816,5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, эмнэлгийн тусламжид олгосон байна.
Нийгмийн даатгалын зөвлөлд нийгмийн хамгааллын, сангийн, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын төлөөлөл тус бүр нэг, даатгуулагчийг төлөөлөлж нийт ажилтны үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гурав, ажил олгогчийг төлөөлсөн гурав нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл улирал тутамд нэг удаа нээлттэй хуралдаж байхаар тогтлоо.