ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР
Гадаадад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бууруулахаар хэлэлцлээ
“Гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай өвчнийг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ЭМЯ дээр боллоо. Хэлэлцүүлгээр эрхзүйн орчинг шинэчлэх, санхүүжилтийг оновчтой болгох гарцыг тодорхойлж, шинэ технологи, оношилгоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхэд гадны улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлж байгаа өвчний тоог бууруулах, иргэдэд учирч байгаа санхүүгийн бэрхшээлийг багасгахад бид ихээхэн анхаарч, ард иргэдээ эх орондоо бүхий л эмчилгээ оношилгоонд хамрагдах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ингэхийн тулд төв эмнэлгүүдэд шинээр тоног төхөөрөмж авах, шинэ технологийг нэвтрүүлэх, түүнийгээ дагаад боловсон хүчнийг бэлтгэх шаардлага гарч ирж байгаа юм. Тиймээс бид өнөөдрийн хэлэлцүүлгээрээ уг асуудлуудыг харилцан ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гаргахаар цуглаад байна гэв.
Эрүүл мэндийн сайдын багцад 500 сая төгрөгийг төсөвлөж, зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэдийн эмчилгээний зардлаас холбогдох журмын дагуу 5 хүртэлх хувийг олгодог юм.
БНСУ-д урт хугацааны сургалтанд хамрагдах мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулна
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон Улсын эрүүл мэндийн сангийн буцалтгүй тусламжаар Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн цацраг идэвхит эм үйлдвэрлэх мэргэжилтнүүдийг урт хугацааны сургалтад хамруулах сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлыг зохион байгууллаа.
Ажлын хэсгийн гишүүд Олон Улсын Атомын Энергийн Газрын стандартын дагуу боловсруулсан цацраг идэвхт эм үйлдвэрлэх мэргэжилтнүүдэд тавигдах шаардлагыг эцсийн байдлаар хэлэлцэн, сонгон шалгаруулалтын зарыг 12 дугаар сарын 12-ний өдрийн сонин болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд түгээхээр тохиролцов.
Зүрхний оношилгоо, эмчилгээг сайжруулахад 3 сая еврогийн тусламж үзүүлнэ
Люксембургийн Засгийн газраас өнгөрсөн 15 жилийн турш Монголын Зүрх судасны төвийг байгуулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр 12,3 сая еврогийн буцалтгүй тусламжийг үзүүлсэн бол ирэх гурван жилд 3 сая еврогийн буцалтггүй тусламжийг мөн үзүүлэхээр болжээ.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Люксембургийн төслийг загварчлан, боловсруулах багийн шинжээч, ахлагч Жиованни Касконе, шинжээч Васко Да Гама Рибейро, Люксембургийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлагийн Монголын төсөл, хөтөлбөрийг хариуцсан мэрэгжилтэн Карол Рэйф нарыг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн жилүүдэд тус төслийн хүрээнд телемедицины сүлжээг нэвтрүүлэх, зүрхний мэс заслыг чадавхжуулах, оношилгоо эмчилгээг сайжруулах зэрэг орон даяар хамарсан үр дүндтэй ажлуудыг зохион байгуулсан байна. Цаашид төслийн багийнхны зүгээс хийсэн үйл ажиллагаагаа бататгаж, тогтвортой үргэлжлүүлэн ажиллуулах тал дээр нь анхаарч, Монголын талд хүлээлгэн өгөхөө хэллээ.
Дэд сайд Л.Бямбасүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлэх “Улс орны 2017-2021” хөтөлбөрийн Стартегийн баримт бичгийг эцэслэн батлахтай холбогдуулан Дэд сайд Л.Бямбасүрэн болон газар хэлтсийн дарга нарт танилцуулж, санал бодлоо солилцлоо.
НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн салбарт бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр засгийн газрын үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Эх хүүхдийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний хүртээмжийг хангах, ус хангамж, ариун цэврийн байгууламжийн тогтвортой байдлыг хангах замаар өсвөр үеийнхний эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тус сангийн монгол улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлэх “Улс орны хөтөлбөр 2017-2021” нь батлагдсан бөгөөд ирэх оны 1 сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хүүхдийн сангийн үндсэн стартеги нь нэг талаас бодлого боловсруулах үйл явцыг дэмжих үндэсний түвшин, нөгөө талаас улс орон даяар хэрэгжүүлэх үүднээс орон нутагт туршин үзэх түвшинд дэмжлэг үзүүлэх хоёр давхаргат арга барил ашигладаг юм байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эх, нярайн тулгамдсан асуудлаар мэргэжлийн салбар зөвлөл, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, эх барихын ерөнхий мэргэжилтнүүдтэй телеконференц хийв.
Тус хурлаар яамны удирдлагууд эх, нярайн эндэгдлийг бууруулах тал дээр онцгой анхаарч ажиллахыг Нийслэлийн амаржих газрын удирдлагууд, аймгуудын ЭМГ, БОЭТ-ийн удирдлага, мэргэжилтнүүдэд сануулж, зөвлөгөө өглөө.
Манай улсад С вирүст архаг хепатитийн шинэ эмийн эмчилгээ ажилттай нэвтэрч байгаа хэдий ч вирүс хепатитийн оношилгоо, эмчилгээ хурдацтай шинэчилэгдэж байгаатай холбоотойгоор эмч мэргэжилтнүүд шинэ мэдээ мэдээлэл авах, оношилгоо, эмчилгээ, хяналтын талаарх туршлагаа харилцан солилцох, хамтран ажиллах нөхцлийг бүрдүүлсэн тогтмол үйл ажиллагаа зайлшгүй хэрэгтэй байгаа юм.
Тийм учираас сар бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа “ Эмнэлзүйн тохиолдол хэлэлцүүлэг”- ийн 8 дахь удаагийн үйл ажиллагааг хепатитийн С эмчилгээний дараах сэдрэл, вирүсийн дахин халдварлалтын асуудлаар уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалтаар вирүс хепатитийн эмчилгээг хийж, хянаж буй эмч мэргэжилтнүүд туршлага солилцох, шинэ мэдээ мэдээлэл авах, эмнэлзүйн бодит тохиолдуулын талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцсан юм.
П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлгийн Зүрх судас, мэс засал, эрчимт эмчилгээ гээд олон тасгаар орж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Аль ч тасгаар орсон орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, эмч сувилагчдын харилцаа хандлага сайжирсан, сэтгэлд нийцтэй орчин угтаж байв.
П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэг хот, хөдөөгийнхөнд харьяалал харгалзахгүй үйлчилдэг. Нийт 700 гаруй эмч, ажилчидтай. Жилдээ 18 мянган хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлдэг, том эмнэлэг. Тиймээс тус эмнэлгийнхэн иргэдийнхээ тав тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс өнгө төрх болоод эмчилгээ үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг нэлээд сайжруулжээ.
Хот, хөдөөнөөс, холын аймгуудаас ирж хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн сэтгэгдлийг сонсвол ам сайтай байна. “П.Н.Шастины нэрэмжит III төв эмнэлэгт тархины харвалтын бүлэн хайлуулах эмчилгээ, судсан дотуурх зүрхний төрөлхийн гажгийн мэс засал, судсан дотуурх тархины хавдрын судас бөглөх мэс засал, тархины судасны эмгэгийн мэс заслын эмчилгээ, гадаадад өндөр өртгөөр хийгддэг зүрх, тархины мэс заслуудыг монгол эмч нар хямд өртгөөр, чадварлаг хийж, өвдсөн зовсон хүмүүст амьдрал бэлэглэж байгаад талархаж байна” гэж байв.
“Дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх” төслийн Удирдах хорооны хурал боллоо
Монгол Улсын Засгийн газар-Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагаас (JICA) хамтран хэрэгжүүлж байгаа “Дотоод аудитын чадавхийг бэхжүүлэх” төслийн Удирдах хорооны хурал болж, төслийн II шатны эхний 2 жилийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэв. Уг төслийн Удирдах хороог Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга даргалж бүрэлдэхүүнд нь СЯ-ны Төсвийн хяналт эрсдэлийн удирдлагын газрын дарга, Хөгжлийн санхүүжилт өрийн удирдлагын газрын дарга, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, Дотоод аудит хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга; Хууль зүй дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга, Хөнгөн үйлдвэр хүнс хөдөө аж ахуйн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга, Гадаад харилцааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга нар багтдаг. Эрүүл мэндийн яам нь төслийн хүрээнд зорилтот 3 яамдын нэгээр сонгогдон улсын салбарт дотоод аудитыг хөгжүүлэхэд идэвх санаачлагатай ажиллан, байнгын үйл ажиллагаатай “Дотоод аудитын хороо”-той, ХШҮДАГ-т дотоод аудит хариуцсан 2 мэргэжилтэн, санхүүгийн хяналт шалгалт хариуцсан 2 мэргэжилтэнтэй ажиллаж байна.