ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

2016 оны 12 сарын 05
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Катар улсад ажлын айлчлал хийлээ

Катар улсын Доха хотноо 2016 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эрүүл мэндийн инновацийн асуудлаарх дэлхийн дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Энэхүү дээд түвшний 3 дахь удаагийн уулзалтад нийт 100 гаруй орны 1500 орчим хүндэт зочид төлөөлөгчид, тэр дундаа 19 орны Эрүүл мэндийн сайд нар оролцсон нь бодлогын болон технологийн инноваци эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал болохыг нотолж байна.

Хурлын явцад “Эрүүл мэндийн мэргэжилтний боловсрол”, “Зүрх судасны эмгэг”, “Халдварт өвчин”, “Үүдэл эсийн болон бай эмчилгээ, хүн амын геном банк”, “Удамшлын хүчин зүйлийн нөлөө болон эмгэг судлал”, “Эрүүл хүн ам ба эрүүл зан үйл”, “Эрүүл мэнд ба ёс зүй”, “Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт” зэрэг сэдвүүдээр салбар хуралдаан явагдаж, сэдэв тус бүрээр урьдчилан бэлтгэн гаргасан тайланд тусгагдсан асуудлуудаар оролцогч орнууд өөрийн орны нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж ярилцлаа.

Дэд сайд Л.Бямбасүрэн БНСУ-ын Эрүүл мэндийн сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Солонгосын Олон Улсын эрүүл мэндийн сан /СОУЭМС/-гийн Ерөнхий захирал Ноён Чун Чанг Бае-ийг хүлээн авч уулзлаа. Тус сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжих Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн Изотоп үйлдвэрлэх тасгийн инженер, техникийн ажилтнуудыг урт хугацааны сургалтад хамруулах сонгон шалгаруулалтын үйл явцын талаар ярилцлаа. Сургалтын хүрээнд сонгон шалгаруулалтын зарыг өдөр тутмын сонин хэвлэлд нээлттэй зарлаж, эцсийн шатны шалгаруулалтыг СОУЭМС болон тус Улсын дүрс оношилгоо, эрүүл мэндийн шинжлэх ухааны хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй ярилцлагад орох зэрэг шалгаруур тавих юм байна.

“Хүн амын хоол тэжээл” үндэсий хөтөлбөрийг танилцуулах уулзалт боллоо
“Хүн амын хоол тэжээл” үндэсий хөтөлбөрийг танилцуулах уулзалт боллоо. Энэхүү арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ  Монгол Улсын Засгийн Газрын  447 дугаар тогтоолоор “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөр  батлагдсан.  Хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ болсон хоол тэжээл нь  бие махбод, оюун санааны эрүүл, саруул байдлыг хангах гол хүчин зүйл гэдгийг хэн хүнгүй ойлгодог. Хоол тэжээлийн байдлыг сайжруулах нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш бөгөөд салбар хоорондын ажлын уялдаа холбоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлснээр үр дүнд хүрэх ажил юм.  Монгол Улс хүн амынхаа хоол тэжээлийн байдлыг сайжруулах чиглэлээр олон талт үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлсний үр дүнд Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан хоол тэжээлийн зорилтуудыг хангаж чадсан хэдий ч таргалалт, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, хоол боловсруулах замын өвчлөл, бичил бодисын дутал, хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдварууд нэмэгдэж,  эрүүл мэндийн салбарт ихээхэн ачаалал үүсгэсээр байна хэмээн онцоллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд анхаарна
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн зорилтонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулъя” уриан дор зохион байгуулж буй хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн оролцлоо. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг “ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодитой болгое” Инчеоны стратеги, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн Эмнэлгийн орчныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн хүртээмжтэй болгох, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүртээмжтэй хүргэх талаар цахим сургалт зэрэг ажлуудыг хийж байна хэмээн онцоллоо.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон ЭМЯ-ны газрын дарга нар өнөөдөр “Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийн үйл явцтай танилцлаа.

Төслийн багийн зүгээс харьяалагдах яамд болон төр, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл, ЭМД-ын газрын төлөөлөлд сургалт явуулж, судалгаа хийж, мөн арга зүйн болон судалгааны баримт бичгүүдийг боловсруулан ажилласан талаарх мэдээллийг өглөө.

Дэд сайд Л.Бямбасүрэн тус төслийн үр дүнтэй ажлуудыг төлөвлөн хийж буйг талархалтай хүлээн авч, ажлын явцтай нь тогтмол танилцаж байхыг хүслээ.Төслийн санхүүжилтийн зардлын 1,5 сая ам.долларыг Японы ядуурлыг бууруулах сангаас АХБ-аар дамжуулан буцалтгүй тусламжаар олгож байгаа бол МУ-ын Засгийн газраас 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний зардлыг гаргажээ.

Гэртээ өөрөө өөртөө тест хийж ХДХВ-ийн халдвартай эсэхээ мэдэх боломжтой

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний энэ өдрийг Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

ХДХВ, ДОХ-ыг бэлгийн идэвхитэй буюу 15-49 насныхан тусах өндөр магадлалтай байдаг байна. Мөн сүүлийн жилүүдэд манай улсад энэ насны бэлгийн цөөнх буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд энэ өвчнийг тусах нь элбэгшсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Энэ талаар ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт Ю  “ Аль ч орны хүмүүс эмнэлэгт очиж ДОХ-ын шижилгээнд хамрагдахаас зайлсхийдэг, эмээдэг учраас эрдэмтэд гэртээ өөрөө өөртөө хийж болох урьдчилан сэргийлэх тестийг гаргаад байна. Гэртээ байхдаа шүлс, шээс, цусаараа энэ тестийг хийж болох бөгөөд тестийн хариу 15-20 минутын дотор гардаг. Хэрвээ тестийн хариу эерэг гаргах юм бол шууд эмнэлэгт хандаж эмчилгээнд хугацаа алдалгүй орсноор хүн амын дундаж наслалтыг уртасгах боломжтой. Мөн энэ тестээр бэлгийн замын бусад халдваруудыг авсан эсэхээ мэдэж болно. ДЭМБ-аас нанотехнологид суурилсан уг тестийг хэрэглэж болох тухай удирдамж гаргасан. Одоогоор Монгол улсад орж ирээгүй байна. Хэвлэл мэдээллийнхэн та бүхэнтэй хамтран ажиллах чухал байгаа. Та бүхэн ард иргэдэд тэр дундаа залуучуудад үнэн зөв мэдээллийг хүргэж мэдлэгтэй болгох чухал. Эүүл мэндийн боловсролыг өгөх, өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдгийг олон нийтэд түгээх нь нэн тэргүүний хэрэгцээтэй байна” гэлээ.

“Хариу нэхээгүй тус” уриан дор Үйлдвэрчний эвлэлийн гишүүд цусаа бэлэглэж байна

ЦССҮТ-өөс санаачлан Эрүүл мэндийн сайдын тушаалаар  сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ. Энэ удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл (МЭМАҮЭ)-ийн холбоо хамтран зохион байгууллаа. Нэг хүний бэлэглэсэн цус гурван хүний амийг авардаг. Энэ л үзэл санаагаар  МЭМАҮЭ –ийн холбоо хүн ардынхаа эрүүл энхийн манаад цаг наргүй зогсдог эмч , эмнэлгийн ажилтнууд  бусдын эрдэнэт амийг аврахад хариу нэхэхгүй , сайн дурын авлагагүй донор болохыг мэргэжил нэгт нөхөд, олон нийтийг уриалан үлгэрлэж “ Цусаа бэлэглэх өдөр” –ийн үйл ажиллагаанд оролцож байгаагаа илэрхийллээ.  Энэ удаа тус байгууллага ЦССҮТ –ийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийн үйл ажиллагаанд өөрийн салбарын ажилтнууд , тэр дундаа Үйлдвэрчний эвлэлийн хороолын дэргэдэх залуучуудын хэсгүүдийн залуучуудаа олон нийтийг манлайлан оролцохыг уриалж байгаа юм.

МУ-ын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан уулзалт болж байна
Засгийн газраас “Тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалтыг  зохион байгуулж байна.  Зөвлөлдөх уулзалтад Засгийн газрын гишүүд, ОУВС, Дэлхийн банк, НҮБ, АБХ, Европын холбоо, Европын сэргээн босолт, хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн корпораци, Швейцарын хамтын ажиллагааны газрын суурин төлөөлөгчид тэргүүтэй Монгол Улсын түнш 20 орны элчин сайдууд болон удирдах албан тушаалтнууд, 19  олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид тэргүүтэй 170 гаруй албаны хүмүүс оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээнд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон газар хэлтсийн дарга нар оролцлоо.

Хордлогын голомтод ажилласан багт талархал илэрхийлээ

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дорнод аймгийн хордлогын голомтод ажиллаж, голомтыг таслан зогсоох арга хэмжээг мэргэжил аргазүйн удирдлагаар ханган, олон хүний амь насыг аврах ажилд  цаг наргүй зүтгэсэн  эмч нартаа ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

“Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” хөтөлбөрийн  үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт боллоо

“Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” хөтөлбөрийн тогтвортой байдлыг баталгаажуулах үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт боллоо. Энэхүү арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ. Тэрээр ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд ус бохирдуулах хүчин зүйлсийг тогтоож, эрсдлийг үнэлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх үүднээс 2012 оноос эхлэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хот суурин газрын 2 ус хангагч байгууллага, жижиг суурин газрын 6 байгууллагуудад “Усны аюулгүй байдал” хөтөлбөрийг нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар хот суурин газрын 22 ус хангагч байгууллага (нийслэл, 21 аймгийн ус хангагч байгууллага), жижиг суурин газрын 23 байгууллага (Дорноговь аймгийн 14 сум, Өмнөговь аймгийн 7 сум, Дорноговь аймгийн Алтанширээ сумын эрүүл мэндийн төв, Нийслэлийн Найлах дүүргийн 109-р бага сургууль) болж өргөжиж 1 сая 900 гаруй хүн ам уг төлөвлөгөөний үр ашгийг хүртээд байна. Ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр манай яамнаас зохион байгуулж байгаа ажлыг байнга дэмжиж ирсэн Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Нийгмийн эрүүл мэндийн, Барилга архитектурын сургуулийн төлөөлөл болж хүрэлцэн ирж ач холбогдол өгч байгаад хувиасаа талархал илэрхийллээ.

ХСҮТ-ийг Ж.Чинбүрэн, ГССҮТ-ийг Т.Мөнхсайхан удирдана

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны  өдөр Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Чинбүрэнг, ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Мөнхсайхан нарыг тус тус томиллоо. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн юм. Дашрамд дуулгахад  Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан эмч нарын хувьд  хоёулаа байгуулладаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад ийнхүү хамт олон дотроосоо томилогдож байгаа юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар Б.Нарантуяа томиллоо

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 30 ны  өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Нарантуяаг томиллоо. ЭМЯ-наас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан комисс ажлыг нь хүлээлцүүлж тамга тэмдгийг нь гардуулж өгсөн юм. Дашрамд дуулгахад  Б.Нарантуяа нь Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, профессор. Эрүүл мэндийн салбарт эм боогч, ЭМЯ-нд мэргэжилтэн, хэлтсийн дарга зэрэг ажлыг хийж байсан туршлагатай нэгэн юм.

19 аймгийн 21 сум түргэн тусламжийн автомашинтай боллоо

Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвөөс хүн амд үзүүлэх яаралтай тусламжийн шуурхай, бэлэн байдлыг хангах түргэн тусламжийн дуудлагын үйлчилгээнд зориулан 19 аймгийн 21 суманд автомашин гардуулж өглөө.   

Эрүүл мэндийн сайдын багцад 2016 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд төсөв тусгагдаагүй тул хуучин автомашинуудаа засварлан өвөлжилтөнд бэлтгэлээ. Нормын хугацаа дууссан 151 сумын эрүүл мэндийн төвийн автомашиныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд  2017 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд 4.2 тэрбум төгрөг тусгагдсны эхний ээлжийн машиныг  өнөөдөр ийнхүү хүлээлгэн өгч байна. Цаашид шинэ он гараад машины худалдан авалтыг эрт зохион байгуулан яаралтай шаардлагатай газруудыг хангахаар ажиллаж байна. 

Таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Дорнод аймагт 3 хоног ажиллалаа

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зөв боломж” ХХК-ийн  ажилтнууд Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордон 23 хүн эмчлүүлж мөн ЭМЯ-наас мэргэжлийн эмч нарын баг томилон явуулсан талаар мэдээлсэн. Тэгвэл тус аймагт ажиллаад ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр Эрүүл мэндийн яаманд нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭТГ-ын дарга Я.Буянжаргал, ТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, Эрүүл мэндийн яамны Хор судлалын ерөнхий мэргэжилтэн С.Юндэн, УНТЭ-ийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн их эмч Ц.Ганбат нар оролцлоо.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Дорнод аймагт 3 хоног ажиллаад ирлээ. Бид яаралтай арга хэмжээ авч, эрүүл мэндийн салбарын зөвлөх эмч, хор судлалын мэргэжилтнүүдээ явуулсны дүнд тодорхой цаг хугацаанд эрт илрүүлж, оношилж, бусад иргэдийг үзлэгт хамруулж чадсан гэж ойлгож байгаа. Олон жилийн өмнө Багануур дүүрэгт ийм хордлогын асуудалтай тулгарч байсан. Цаашид Эрүүл мэндийн яамнаас арга хэмжээ авч, яаралтай тохиолдол үүсэхэд туслах багийг бэлэн байлгах, тухайн газарт эмчлэх, оношлох багаж төхөөрөмж байрлуулах асуудлаар Улсын онцгой комисст асуудал тавьсан байгаа талаар хэллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38712
0 эможи
keyboard_arrow_up