Эх, хүүхдийн эндэгдэл буурч мянганы хөгжлийн зорилтот түвшинд ХҮРЧЭЭ
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ЭХЭМҮТ-д ажиллан, тус төвийн өргөтгөлийн үйл ажиллагаа болон Нярайн эрчимт эмчилгээ, Төрөх тасаг, Цусны эмгэг, хавдар судлалын тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.
ЭХЭМҮТ-н захирал Ш.Энхтөр “ 2016оны 1-4р сард улсын хэмжээнд эх, хүүхэд олноор эндэн, 1000 амьд төрөлт тутамд эндэгдлийн түвшин 23-28-д хүрч хүнд үе тохиосон. Гэхдээ холбогдох албаны хүмүүс шуурхай арга хэмжээ авсны дүнд сүүлийн дөрвөн сард эх, хүүхэд эндэх нь цөөрч Мянганы хөгжлийн зорилтот түвшиндээ хүрээд байна. Өөрөөр хэлбэл амьд төрсөн 1000 эх, хүүхэд тутамд эндэгдлийн түвшин 7.1-8.1-д хүрч буурлаа” гэсэн таатай мэдээ дуулгасан юм.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахаар ЭХЭМҮТ-өөс есөн аймагт хүүхдийн, зургаан аймагт эх барихын эмч нарын баг томилон ажиллуулж байна. Мөн засгийн газрын хуралдаанаар гемодиализийн эмчилгээний зөрдлыг 100 хувь, цусны хавдрын эмчилгээний төлбөрийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болсон” гэдгээ онцоллоо.