Өндөг, эм тарианы харшилтай бол томуугийн вакцинд хамрагдах боломжгүй
Засгийн газраас эхний ээлжинд Хятад улсаас захиалсан 78 мянга гаруй томуугийн эсрэг тун вакцин өчигдөр ирсэн. Энэхүү вакциныг Халдвар өвчин судлалын үндэсний төвд томуугийн вакцины нэг хүнд 15 мянган төгрөгөөр хийж байгаа аж.
Вакциныг зургаан сараас дээш бүх насныхан ажлын өдрүүдэд 08.30-14.00 цагийн хооронд ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын тасагт хийлгэх юм.
Харин өндөгний харшилтай, вакцинд орсон эм тарианаас харшилтай, архаг өвчин сэдэрсэн болон халуурч, ханиадтай байгаа тохиолдолд томуугийн вакциныг хийх боломжгүй юм байна.
Хоёр хүртэлх насны хүүхдүүд нэг сарын зайтай 0.25 мл-ээр хоёр тун, хоёроос дээш насныхан 0.5 мл-ээр нэг удаагийн тунг хийлгэх юм байна. Томуугийн вакцин хийлгэснээс хойш ойролцоогоор нэг сарын дараа дархлаа тогтох вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил юм.
ХӨСҮТ томуугийн вакциныг сүүлийн арав орчим жил хийж байгаа бөгөөд энэ жил хоёр үйлдвэрээс вакцин авч байгаа гэнэ. Найрлагын хувьд адил аж.