ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР

2016 оны 11 сарын 21

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг ирэх оны ЭМСХХ төслийн талаар санал солилцлоо

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр АХБ-ны “Улс орны түншлэлийн стратеги 2017-2020”-ийн Зөвлөлдөх багийнхантай уулзаж ирэх онуудад хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан санал солилцлоо.

Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш манай улсын нийгмийн салбар, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг ихээхэн дэмжиж ирсэн гол хандивлагчдын нэг. Тус банкнаас эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжсэн 150 сая гаруй ам.долларын санхүүжилт бүхий 5 том төслийг хэрэгжүүлээд байгаа билээ.

Тус төслүүдийн хүрээнд Монгол Улсад цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах зорилго бүхий үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд байна.

Эрүүл мэндийн салбар дахь Люксембургийн Засгийн газрын төслүүд үргэлжилнэ

Люксембург Улсаас Монгол Улсад хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Рол Рейланд  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт бараалхаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд А.Цогцэцэг Люксембургийн Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй төслүүд 21 аймаг, нийт дүүргийг хамран үндэсний хэмжээнд зүрх судас, эх нярай, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдлоо өгсөөр ирснийг цохон хэлж, цаашид уг төслийг үргэлжлүүлэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Иргэд С вирусийн эмийн үнэ буурсанд талархалтай байна

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт  Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс хийж буй буянтай ажилд нь талархал илэрхийлж хүндэт гишүүний батламж гардууллаа.

Тус батламжид, “Хүндэт гишүүн, Эрүүл мэндийн сайд Аюушийн Цогцэцэг Танаа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт орсон, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжихэд онцгой чухал нөлөөтэй, элэгний С вирусийн эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх буянтай энэ ажлыг удирдан зохион байгуулсан танд гүн талархал дэвшүүлж Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийн Хүндэт гишүүний батламж гардуулав.

Амь нэгтэй Монгол түмнээ төрд төлөөлсөн элч нь байж, аюулт өвчний голомтыг устгах итгэл зоригийг бадрааж, өвчин эмгэгийг ялан дийлэх сэтгэлийн хатыг өргөн түмэндээ түгээж, үндэс нэгт Монгол зондоо эрүүл энхийн жаргаланг бэлэглэх эрхэм үйлсэд нэгэн их түрлэг нэмсэн Танд баярлалаа” гэж ээ.

“Монголын анагаах ухааны залуу судлаачдын эрдмийн тавдугаар чуулган боллоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  “Монголын анагаах ухааны залуу судлаачдын эрдмийн тавдугаар чуулган”-д оролцлоо. Тэрээр манай улсын судлаачдын бүтээл дэлхийн хэмжээнд гардаг болсон байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд та бүхний хийсэн нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдгийг хэлээд бодлогын түвшинд шинжлэх ухаан, технологийн чиглэлийн судалгааны ажлыг илүү анхаарч, бүтээлч санаачлагатай ажлуудыг нь дэмжин ажиллаж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн тэрээр залуу судлаач нарт хандан, судалгааны ажлын үр дүн бодит амьдрал дээр хэрэгжиж л байвал, тэр судалгаа амжилттай болсон байна гэж үзэх нь зүйтэй. Тэр үед та өөрийгөө эрдэмтэн боллоо гэж ойлгоорой. Тэрнээс биш хэн нэгэн удирдагч, даргын өгсөн чиглэлээр ажиллалаа гээд эрдэмтэн болчихгүй гэдгийг захилаа.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНАЛАУ-д ажиллалаа

Монгол улсын төрийн албаны зөвлөл болон БНАЛАУ-ын дотоод хэргийн яам хоорондын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд монгол улсын төрийн албаны бүтэц, зохион байгуулалт, төрийн болон орон нутгийн удирдлага, зохион байгуулалттай танилцаж, харилцан туршлага судлан, зөвлөмж санал боловсруулан ажиллахаар болжээ.

2016 оны 11 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат багтан  ажиллалаа.

Айлчлалаар үеэр БНАЛАУ-ын ерөнхий сайд Др, Тонглун Сисули-т бараалхаж, Үндэсний асамблейн төв хорооны удирдлагуудтай уулзан төрийн албаны бүтэц, удирдлага, зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцож, туршлага судалжээ. 

Манай улс Бразилын эрүүл мэндийн яамтай хамтран ажиллахаар боллоо

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Бразил улсаас Монгол улсад суух Элчин сайд Маркос Де Паива болон ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Винстон Александр Силва нарыг  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Сайд А.Цогцэцэг Бразил, Монгол хоёр улс эртний найрсаг хамтын ажиллагаатай, цаашид Эрүүл мэндийн яамдууд хамтран ажиллаж, албан ёсны харилцаатай ажиллана гэж итгэж буйгаа илэрхийллээ.

Биеийн тамир, спортын асуудал ЭМЯ-ны чиг үүрэгт хамаарч байх үед Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хооронд биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах Санамж бичгийг 2015 оны 6 дугаар сард байгуулсан байна. Уг ажлын хүрээнд Бразил Улсын Палмас хотноо 2016 оны 7 дугаар сард зохион байгуулагдсан Дэлхийн уугуул иргэдийн анхдугаар наадамд Монголын тамирчид амжилттай оролцсон байна. 

Эрүүл мэндийн салбар өвөлжилтийн бэлтгэлээ хангахаар ажиллаж байна

Улсын онцгой комисс 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэндийн салбар болон нийслэлийн өвөлжилтийн байдал, баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчин зэргийн талаар хэлэлцлээ.

Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой комиссын гишүүн А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэгт оролцож, өвөлжилтийн бэлтгэл байдлыг дараах чиглэлээр хангаж буйгаа танилцууллаа. Үүнд:

  • Эмнэлэг, эрүүл мэндийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх
  • Ханиад томууны дэгдэлтээс ард иргэд, бага насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэргэжлийн эмчийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг явуулах
  • Аймаг, сум, дүүрэг, багийн төвөөс алслагдмал, тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй газар өвөлжиж, амьдарч буй айл, өрхийн бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг шинэчлэх
  • Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл, шатахууны бэлэн байдлыг хангуулж, эм тарианы нөөц бэлтгэж, удирдлага зохион байгуулалтаар хангах

Ийнхүү Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, Шуурхай бүлэг томилох тухай тушаалыг гарган, холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.

ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат ЭМХТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.  Энэ үеэрээ Телемедициний хурлын өрөө болон Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, тохируулгын өрөөгөөр болон зарим албаны өрөөгөөр орж мэргэжилтнүүдтэй ярилцлаа. 

ЗАСГИЙН ГАЗАРААС С вирусийг эмчлэх эмийн үнэд ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлэхээр боллоо

Элэгний С вирусийн тархалт өндөр, эмчилгээ ч үр дүнгээ өгч байгаа учир эмийн үнэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.

С вирусийг эмчлэх АНУ-ын “Харвони”, Энэтхэгийн “Ледвир”, “Ледифос”, “Хедсинат-ЛП”, “Вирпас” эм манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд байна. Эдгээр эм зах зээлд 340-702 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Энэ оны есдүгээр сарын байдлаар С вирустэй гэх 18-аас дээш насны 4681 хүн “Харвони” эмийг уусан бөгөөд эмчилгээнд хамрагдсан хүмүүсийн шинжилгээний хариуг харахад 98.9 хувьд нь вирус тоологдоогүй гэсэн үзүүлэлт гарчээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн үйл ажиллагатай танилцав

Завхан аймгийн ЗДТГ, ЭМГ, ХХААГ, ОБГ, МХГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн Шуурхай удирдлагын нэгжийн ажилтнууд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа. 

Энэ үеэр шууурхай удирдлагын нэгжийн мэргэжилтнүүдэд тайван цагийн үйл ажиллагаа, эрсдлийн түргэвчилсэн үнэлгээ хийх аргачлал, тохиолдлын удирдлагын тогтолцооны ажиллах чиглэл, журмын талаар дэлгэрэнгүй танилцуулж, сонирхосон асуултанд нь хариулт өгсөн байна.

Шинэ сувилагчийг дадлагажуулна

"Шинэ сувлагчийг дадлгажуулах нь " сэдэвт сургалт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  эрүүл мэндийн яамны Б танхиамд боллоо. Энэхүү сургалтыг японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка, Монголын сувилагчдын нийгэмлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг хамтран зохион байгуулж байна. Үүнд нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 гаруй шинэ сувилагч, ахлах сувилагч, албаны дарга нар оролцож байгаа юм.

Сургалтаар Япон улсын сувилахуйн удирдлага менежмент, шинэ сувилагчийг чиглүүлэх арга зүй, сувилагч мэргэжилтний карьерын өсөлт, шинэ сувилагчийг хөгжүүлэхэд сургагчийн багшийн үүрэг зэрэг сэдвээр номын дуу сонcч байна. Түүнчлэн энэ үеэр японы сувилагчдын үйл ажиллагаа, сувилахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй төслийн хэрэгцээ, үр дүн цаашидын үйл ажиллагаа, сувилгааны үнэлгээ хийх арга зүй зэрэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцлоо.

АНТИБИОТИКИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ”цахим сургалтыг зохион байгуулав

2016 оны 11 сарын 16-ны 15,30 - 17,30 цагийн хооронд  ДЭМБ, Эрүүл Мэндийн яам, ЭМХТ хамтран Антибиотикийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх 7 хоногийн аяны хүрээнд цахим сургалт зохион байгуулж 19 аймаг,  нийслэлийн 6 дүүргийн нийт 520 аймгийн ЭМГ-ын эмийн мэргэжилтэн, эмч, эм зүйчид  хамрагдлаа. Сургалтаар антибиотикийн хариуцлагатай  хэрэглээг төлөвшүүлэхэд эмч, мэргэжилтний үүрэг, анхаарах асуудлууд болон элэгний С вирусийн эсрэг эмчилгээний заавар, манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн АНУ-ын “Харвони”, Энэтхэгийн “Ледвир”, “Ледифос”, “Хедсинат-ЛП”, “Вирпас” эмийг хэрэглэх эмчилгээний стандартын тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгч, мэргэжил арга зүйгээр хангалаа.

“Антибиотикийг хариуцлагатай хэрэглэе” Дэлхийн 7 хоног үргэлжилж байна

“Антибиотикийн талаарх мэдлэгийг сайжруулах” сэдэвт дэлхийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэх, нянгийн эсрэг эм, түүний дотор антибиотикийн зохистой хэрэглээ” сэдэвт ажлын байран дээрх тасралтгүй сургалтын хөтөлбөр, интерактив сургалтын цогц материалыг АШУҮИС-ийн багш нар боловсрууллаа. Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХӨСҮТ –ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгийн эмийн эмчилгээг зохицуулах хорооны гишүүдэд “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэх, нянгийн эсрэг эм, түүний дотор антибиотикийн зохистой хэрэглээ” сургалтыг 7 хоногийн хүрээнд зохион байгууллаа. Уг сургалтаар Эмнэлэгт бичил биетэн эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, Нянгийн эмэнд тэсвэржих механизм, Нянгийн эмэнд мэдрэг байдлыг тодорхойлох шинжилгээний арга, Нян эмэнд тэсвэржилтийн Монгол орны нөхцөл байдал, антибиоти-кийн чанарын ерөнхий төлөв, Халдварт өвчин ба нянгийн эсрэг эмчилгээ, Бөөр, шээсний замын эмгэг ба антибиотикийн зохистой хэрэглээ, Амьсгалын эрхтний эмгэг ба антибиотикийн зохистой хэрэглэх нь, Амьсгалын эрхтний эмгэг ба антибиотикийн зохистой хэрэглэх нь зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38273
0 эможи
keyboard_arrow_up