ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЭМНЭЛГИЙН ОРЧИН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Өнөөдөр Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалттай 184 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Энэхүү тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр тус эмнэлэг багаж тоног төхөөрөмжийн тусламжаар бүрэн хангагдаж, өвчтөнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломж нэмэгдэж байгаа ажээ. Энэ үеэр 18 төрлийн 70 гаруй тоног төхөөрөмжийг Бэссан компаний нийлүүлэлттэйгээр хүлээлгэн өгсөн юм. Тус үйл ажиллагаанд Хан-уул дүүргийн Касаг даргын орлогч С.Баасандолгор, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Пүрэвчулуун, НЭМТ-ийн тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Н.Баярмаа, Лаборатори тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Т.Аззаяа, болон эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид оролцлоо. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга н.Пүрэвчулуун хэлсэн үгэндээ “Өнөөдөр энэ шинэхэн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч байгаадаа их баяртай байна. Орчин үеийн дэвшилтэт технологийн шаардлагыг хангасан оношилгоо, эмчилгээний томоохон аппараттуудтай болсондоо их баяртай байна. Энэ нь бидний ажил үйлчилгээнд ихээхэн тус хүргэнэ. Та бүхэндээ баярлалаа” хэмээлээ.
Үүнээс гадна хяналтын монитор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, чих хамар хоолойн дуран, нүдний дуран, ультра зевурк, оцосс, утлагын аппарат, маск, хүчилтөрөгчийн зөөврийн баллон зэрэг тоног төхөөрөмжүүдийг Хан-Уул дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.