ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарт өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

2016 оны 11 сарын 01

Эрүүл Мэндийн Яам 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа

 

Засгийн газар 100 хоногийн хүрээнд Эрүүл мэндийн салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тайлагналаа. Энэ хугацаанд бодлогын хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэдийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалах, хүний нөөцийн хөгжил, нийгмийн хамгаалал сайжруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чирэгдлийг бууруулан чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр ажилласанаа онцоллоо.

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл ашиглалтад орлоо

ХСҮТ-ийн өргөтгөлийн нээлт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр боллоо. Нээлтэнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг оролцлоо. Сайд нээж хэлсэн үгэндээ, Хавдар судлалын үндэсний төвөөс олон эрдэмтэн докторууд, гавьяатууд төрж гарахын зэрэгцээ насаараа тус байгууллагад сэтгэл зүрхээ зориулан ажилласан олон эмч, ажилчидтай чадварлаг хамт олон гэдгийг хэлээд, тус эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орсноор хавдрын оношилгоо, эмчилгээг олон улсын хэмжээнд хийх боломж бүрдэж, иргэд өндөр чанартай эмчилгээ үйлчилгээг авах боломж бүрдэж байгааг онцолсон юм.

Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар байгуулсан Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор элэг шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагааг эхлүүлэх аж. Мөн хорт хавдрын өвөрмөц эмчилгээ болох туяа эмчилгээнд ашиглагдах хамгийн сүүлийн үеийн технологийн аппарат, тоног төхөөрөмжийг Австри Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хүрээнд шийдсэн байна.

Амгалан амаржих газрын орны тоог тавиар нэмэгдүүллээ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Саранчимэг нар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Амгалан амаржих газарт ажиллаж, тус төрөхийн үйл ажиллагаатай нь танилцан эмч ажилчидтай уулзлаа.

Энэ үеэр тус төрөхөд нэн шаардлагатай байсан орны тоог 50-аар нэмэгдүүлснээ дуулгаж, үүнд зарцуулагдах төсөв, санхүүжилтийг бүрэн шийдвэрлэснээ хэллээ.

Ингэснээр эх, нярай, эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн хүлээгдэл эрс багасах аж. Ийнхүү Нийслэлийн Амгалан  амаржих газар эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээгээ 200 ортойгоор Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 450 мянган хүн амд үйлчлэхээр боллоо.

Засгийн газрын 100 хоног ажлын хүрээнд Амгалан амаржих газраар үйлчлүүлэгчид төрөхийн өмнө болон дараа нь гэр бүлийнхэнтэйгээ дэлгэцээр харан харьцах боломжтой болжээ.

Хоёр жил тутам болдог “Монголын мэс засалч эмч нарын 11 дэх удаагийн чуулган”                                                                                                      амжилттай зохион байгуулагдлаа

Монголын мэс засалч эмч нарын холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг Улсын хэмжээний мэс засалч эмч нарын 11 дүгээр чуулга уулзалтыг  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингис зочид буудалд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтын дотоод зохион байгуулалтыг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хариуцан ажилласан байна.

Тус чуулга, уулзалтанд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлсэн нээлтийн үгэндээ, Монгол улсад эмнэлгийн анхны нэгж үүсэн байгуулагдсанаас хойшхи 90 гаруй жилийн хугацаанд эрүүл мэндийн салбар түүний дотор мэс заслын салбар харьцангуй богино хугацаанд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүртэл хөгжиж байгааг онцоллоо.

Салбарын хувьд техник технологи болоод мэргэжлийн ур чадвараа сайжруулсан гэсэн сайхан мэдээтэйгээр тэд ийнхүү хоёр жилийн дараа чуулж, гадна дотны 300 гаруй эмч, төлөөлөгчид оролцлоо.

СХД-ийн Эрүүл мэндийн төв ГЕМОДИАЛИЗ ЭМЧИЛГЭЭГ нэвтрүүллээ

Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. Бөөрний эмчилгээ нь өртөг зардал өндөр байдаг. Харин төрөөс гемодиализын аппаратад орох иргэдийн эмчилгээний зардлыг даахаар болсон. Энэхүү шийдвэрийн үр дүн эхнээсээ гарч, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ГЕМОДИАЛИЗ ЭМЧИЛГЭЭГ хийхээр болж байна. Ингэсэнээр диализийн аппаратанд өдөрт 3 оронд 2 ээлжээр 6 үйлчлүүлэгч хүлээн авах бөгөөд жилд 1900 гаруй удаагийн эмчилгээ хийх боломжтой болох юм.

СХД-ийн Эрүүл мэндийн төв нь дотор, мэдрэл, сэхээн амьдруулах, ахмадын 200 ортой 5 тасаг, 4 салбараар дамжуулан  дүүргийн нийт 307,224 хүн амд эрүүл мэндийн хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. 26 нарийн мэргэжлийн эмч нарын кабинет, 16 нэр төрлийн лабораторийн шинжилгээ, 6 төрлийн багажийн оношлогоо хийж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Др. Күнихико Хирабаяши-г хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, номхон далайн бүсийн зөвлөх Др. Күнихико Хирабаяши, эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Др. Киоко Шимамото нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд А.Цогцэцэг “НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гол түншүүдийн нэг бөгөөд эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, дархлаажуулалт, ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн чиглэлээр үзүүлдэг тусламж дэмжлэгийн ач холбогдлыг өндрөөр үнэлж явдагаа илэрхийллээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, номхон далайн бүсийн зөвлөх Др. Күнихико Хирабаяши Эрүүл мэндийн сайдыг мэдээлэл өгсөнд талархал илэрхийлээд 0-5 насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн худалдан авалтыг зохион байгуулахад НҮБ-ын Хүүхдийн сангаас туслалцаа үзүүлэх бүрэн боломжтой юм. Монгол улс бүсийн хэмжээнд төрсөний гэрчилгээ олголт, вакцин болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалтын түвшингээр тэргүүлж байгаа боловч орон нутгаас хот суурин газар шилжин суурьшиж байгаа хүн ам эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаад анхаарал тавин ажиллахыг хүслээ.  

Сайд А.Цогцэцэг ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Су Нюунт У, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Гишүүн орнуудыг дэмжих нэгжийн Гүйцэтгэх захирал Др Кидонг Парк, ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгчийн газрын Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Вүүжин Лью нарын төлөөлөгчид Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзлаа. Цаашид ЭМЯ, ДЭМБ хоорондын ирэх 4 жилийн хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийг боловсруулах үйл ажиллагааны талаар санал солилцож баримт бичгийг эцэслэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. 

Монгол Улс, БНСУ-ын Эрүүл мэндийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын хамтын ажиллагааны IV Зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 21-ний өдөр Сөүл хотноо зохион байгууллаа. Уулзалтад Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн тэргүүтэй ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс, түүнчлэн Сөүл төсөлд хамрагдаж байгаа эмнэлэгүүдийн төлөөлөл болж ЭХЭМУТ, ГССУТ, УНТЭ-ийн удирдлагууд оролцов. Анх 2011 онд хоёр улсын  Эрүүл мэндийн яамд хооронд хамтран ажиллах Тохиролцоог байгуулсан бөгөөд уг баримт бичгийн хүрээнд 2012 оноос эхлэн "Сөүл Төсөл"-ийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэ хугацаанд Монгол Улсаас ЭМЯ-ны харьяа Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэгээс нийт 117 эмч БНСУ-д нарийн мэргэшлийн чиглэлээр эмнэлзүйн сургалтанд 3-6 сарын хугацаатай суралцаад байгаа юм.

Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг анх 2012 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил дөрөв дэх удаагийн уулзалтаа амжилттай хийлээ.

Монгол улс цахим амбулаторитой боллоо

Эрүүл мэндийн салбараас баримталж буй эмнэлгийн байгууллагуудад  цахим технологийг нэвтрүүлж, үйлчилгээг хурдан шуурхай болгох чиглэлийн хүрээнд  Монгол улсын өргөн уудам нутаг дэвсгэрт  өндөр хурдны интернет, боловсронгуй програм  буюу PACS  систем, хамгийн сүүлийн  үеийн тоног төхөөрөмжийн хэрэглээнд суурилсан алсын зайн оношлогоог хөгжүүлэх, ашиглах  зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзэж “Цахим амбулатор”-ийг БНХАУ-ын Бээжин хот дахь Хэн Хэ эмнэлгийн дэмжлэгтэйгээр нээсэн.

УНТЭ-т дээрхи “Цахим амбулатор”-ийг нээснээр цаг хугацаа, орон зайн хувьд асар их хэмнэлт гарч, эмч нарын үйл ажиллагаанд  дэм болох төдийгүй үйлчлүүлэгчийн мэдээллийг богино хугацаанд дамжуулан,   асуулт хариултын хэлбэрээр  мэдээлэл солилцон, зөвлөгөө өгөх, авах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх мөн авах  боломжтой болж байна. Тус төслийг амжилттай хэрэгжүүлснээр эрүүл мэндийн салбарт теле харилцаа, алсын зайн оношлогооны  энгийн хялбар загварыг  улам хөгжүүлж,  үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хугацааг богиносгон, гадны өндөр хөгжилтэй эмнэлгүүдтэй харилцаа холбоогоо улам бүр өргөжүүлэх боломжтой юм.

ЭМНЭЛЗҮЙН ЭМ ЗҮЙЧДИЙН ЭРДМИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Эмзүй, Био-Анагаахын сургууль, Эмзүйн шинжлэх ухааны их сургууль, Монголын эмнэлзүйн эмзүйчдийн хөгжил нийгэмлэг хамтран “Бидний алхам - 2016” эмнэлгийн эмзүйчдийн эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт зохион байгууллаа. Тус хурлаар эмнэлгийн эмзүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хөгжил, чиг хандлага, эмийн зөв зохистой хэрэглээ, эмийн харилцан нөлөөлөл, нянгийн эсрэг эмийн хэрэглээ, настанд эрсдэлтэй эмийн судалгаа, амбулаторийн жорын хяналт зэрэг эмийн хэрэглээтэй холбоотой олон чухал сэдвээр судалгааны илтгэл хэлэлцүүлж, санал туршлага солилцов.

Хуралд ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүд,  нийслэл, дүүргийн эрүүл мэндийн төвийн эмзүйч мэргэжилтнүүд болон Эрүүл мэндийн ОУ-ын зөвлөх эмзүйч Марианн Шурманн зэрэг 100 гаруй мэргэжилтэн оролцлоо.

Нийгмийн сайн сайханы төлөө сэтгэл зүрхээ зориулсан Г.Ундармаад талархал илэрхийллээ

Монгол бахархлын өдөр тохиож байгаатай холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат СТА, жүжигчин Г.Ундармааг хүлээн авч уулзан, Нийгмийн сайн сайханы төлөө сэтгэл зүрхээ зориулж гэрэл гэгээтэй санаачлага гарган “ИТГЭЛИЙН ТАНХИМ”  төслөө амжилттай хэрэгжүүлсэнийг нь үнэлэн талархал илэрхийлээд ЭМЯ-ны Хүндэт өргөмжлөлийг гардуулж өглөө. 

Жүжигчин Г.Ундармаагийн хувьд өөрийн орлогын 30 хувийг “Итгэлийн танхим” төслийг санхүүжүүлэхэд зориулдаг гэдэгээ хэллээ. Тэрээр “Өргөө амаржих газар” Улсын нэгдүгээр төв эмнэлэг” “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв” , “СХД-ийн Эрүүл мэндийн төв”, “ХУД-ийн Эрүүл мэндийн төв” - үүдэд хүлээлгийн танхим , үйлчлүүлэгчийн өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулж өгчээ.

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37619
0 эможи
keyboard_arrow_up