Ц.РЭНЦЭНМЯГМАР: Маргааш болох Монголын мэс засалч нарын чуулганаар шилдэг илтгэлүүд тавигдана

2016 оны 10 сарын 27

Маргааш буюу 10 дугаар сарын 28-ны баасан гарагт Монголын мэс засалч эмч нарын 11 дэх удаагийн чуулга уулзалт болох гэж байна.

 

Уг чуулганаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн зөвлөх эмч Ц.Рэнцэнмягмар “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчдэд хийгдсэн мэс засал, эмчилгээний үр дүн” сэдэвт илтгэлээ тавих юм байна.  Тус чуулганы талаар болон илтгэлийн талаар товч ярилцсанаа хүргэж байна.

Маргааш болох мэс засалч эмч нарын чуулга уулзалтанд таны илтгэл тавигдах юм байна. Та илтгэлийнхээ гол агуулгаас сонирхуулаач?

Тийм ээ. Маргааш мэс засалч эмч нарын хүлээдэг Мэс засалчдын чуулга уулзалт болох гэж байна. Энэ үеэр би “Олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй эмчлүүлэгчид хийгдсэн мэс засал, эмчилгээний үр дүн” сэдэвт илтгэлээ тавих гэж байна. Сүрьеэгийн халдвар аваад урт хугацаанд эмчлүүлж байгаа тохиолдолд өвчтөн эмийн эмчилгээгээр эдгэрэхгүй байх тохиолдол олон байдаг. Ийм тохиолдолд  мэс заслын аргаар голомтыг нь тайрч авдаг.  Ингэснээр эмийн эмчилгээг улам сайжруулдаг юм. Цаашлаад дахин өвчлөхөөс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой.  Чуулганы үеэр тавих илтгэлээ ойлгомжтой байлгах үүднээс эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ гэж тус тусад нь тавьж байгаа.

Энэ жилийн чуулга уулзалтыг танай эмнэлэг зохион байгуулж байгаа. Зохион байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

Энэ жилийн мэс засалч эмч нарын 11 дэх удаагийн чуулганы дотоод зохион байгуулалтыг манай эмнэлэг хариуцан ажиллаж байна. Бидний бэлтгэл ажилд “Монголын мэс засалч эмч нарын холбоо” дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааг маань чиглүүлж өгч байгаа учраас бэлтгэл ажил ерөнхийдөө бүрэн хангагдсан гэж хэлж болно. Энэ удаагийн чуулганд АНУ, ОХУ, БНСУ-аас зочин эмч, төлөөлөгчид урилгаар оролцож, дурангийн мэс заслын хөгжлийн талаар сонирхолтой илтгэлүүд тавихаар болсон. Мэс заслын эмч нар маань тэднээс туршлага судлах боломж нээгдэж байгаа юм.

Энэ удаагийн хурал дээр тавигдах илтгэл, эрдэм шинжилгээний бүтээлүүдийн онцлог юу гэж та харж байна вэ?

Чуулганд Монголын мэс засалд гарсан хөгжил, дэвшил, хийсэн ажлын талаар холбооны ерөнхийлөгч Н.Баасанжав багш илтгэл тавихаас гадна элэгний мэс засал, хүүхдэд тохиолдох тархины буглааны онцлог, элэг шижлүүлэн суулгах үеийн судасны хүндрэл, зүрхний хавхлагын гажгийн мэс заслын эмчилгээний алсын үр дүн гэх мэт салбартаа шинэлэг, өндөр мэдлэг чадвар шаарддаг мэс заслуудын талаарх илтгэлүүдийг манай  шилдэг мэс засалч эмч нар  тавихаараа ихээхэн онцлогтой гэж би харж байгаа.

Чуулганаар илтгэлээс гадна салбарын шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ тухай?

Чуулган маань жил ирэх бүр чанаржин улам өргөжин Олон улсын шинж чанартай болж амжилтаа дүгнэн ярилцдаг томоохон хэмжээний цугларалт болсон гэж хэлж болно. Нөгөө талаар шилдэг бүтээлийн уралдаан ч гэж хэлж болно. Мөн тус чуулганаар шилдэг мэс засалч эмч, шилдэг залуу мэс засалч эмч нарыг шалгаруулж, тавигдсан илтгэлүүдийн шилдэгийг шалгаруулж байр эзлүүлэн шагнаж урамшуулна.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37565
0 эможи
keyboard_arrow_up