“Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам: Мэдээллээс үйлдэл рүү” олон улсын хурлын талаар ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

2016 оны 10 сарын 20
 

ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, НЭМХ, ХӨСҮТ, ЗӨСҮТ хамтран зохион байгуулж буй “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам: Мэдээллээс үйлдэл рүү” сэдэвт олон улсын хурал өнөөдөр Блью скай зочид буудалд эхэлсэн.

Хоёр өдөр үргэлжлэх тус хурлын төгсгөлд Монгол Улсын Засгийн газар болон оролцогч талуудад хандсан халдварт өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж гарах юм.

Өнөөдрийн халдварт өвчний тулгамдсан асуудал сэдвийн хурлаар салбарын хүмүүс юу хэлсэн талаар танд хүргэж байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг: Халвдарт өвчний тархалтын асуудал бол Монгол төдийгүй дэлхийн улс орнуудын анхааралд байгаа юм. Саяхан миний бие Ази номхон далайн орнуудын баруун бүсийн 67 дугаар чуулганд оролцоод ирлээ. Тус хурлаар мөн халдварт өвчний тархалт, дэгдэлтийн тухай ярьж байна. Шинээр сэргээгдэж буй халдварт өвчнүүд ч байгаа. Харин монгол улсад эдгээр өвчнүүд орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй.

Халдварт өвчинд өөрөө урьдчилан сэргийлж болох өвчнүүд гэж байна. Вакцинжуулалт, дархлаажуулалтанд хамрагдсанаар урьдчилан сэргийлэх боломжтой.

Өнөөдрийн энэ “Халдварт өвчний тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам: Мэдээллээс үйлдэл рүү” сэдэвт олон улсын хурлын зохион байгуулснаараа үр дүн нь бидэнд зөвлөмж болж гарна.

Монгол улсын Засгийн газраас өнөөдөр халдварт өвчний чиглэлд онцгой анхааран ажиллаж байгаа. Тэрний  нэг илрэл бол С вирусын асуудлыг шийдэх чиглэлд “Элэг бүтэн монгол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, энэ чиглэлээр шинжилгээг нь эрүүл мэндийн даатгалаас хариуцах,  дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.  Мөн Хармони эмийг 300 доллар хүртэл бууруулж, 40 хувийг ЭМД-аас гаргах зэрэг олон асуудлууд яригдаж байна. Энэ хүрээнд  эмийн компаниуд болон төрийн бус байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, хармони эмийг үнэ төлбөргүй  зарим нэгэн бүсчилсэн орнуудад хэрэгжүүлэх арга хэмжээнүүд авч байна.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: Улсын хэмжээнд 2016 оны эхний найман сарын байдлаар 26 төрлийн халдварт өвчний 57088 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10 мянган хүн амд 32.5 тохиолдлоор нэмэгдсэн байна. Өвчлөл ингэж нэмэгдэх болсон шалтгаан нь өнгөрөгч өвөл гарсан улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд лабораториор батлагдсан улаанбурхан өвчний тохиолдол гараагүй байна. Уг өвчний дэгдэлтийг таслан зогсоох талаар авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний үр дүн гэж үзэж болно. Тухайлбал, зургаан сартайгаас зургаан нас хүртэлх хүүхэд болон 18-30 насны залуучуудыг уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан. Гэхдээ өвлийн ханиад томууны улиралд өвчлөл дахин гарах магадлал өндөр. Иймээс аравдугаар сарын нэгний өдрөөс нийслэл хот, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зургаан сартай хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг вакцинаар анх удаа дархлаажуулж эхэлсэн байгаа. Мөн тав хүртэлх насны хүүхэд, шинэ төрсөн эхчүүдэд урьдчилан сэргийлэх тунгаар А аминдэм уулгах, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, оюутан залуусыг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулах, хүүхдийг эхийн сүүгээр хооллох талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг эрчимтэй зохион байгуулж байгаа.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: Энэ өдрийн мэнд хүргэе. Халдварт өвчин гэдэг бол хил хязгааргүй. Тогтсон тойрог хүрээнд хязгаарлагдаггүй дэлхийг хамарсан өвчин ба тэрнээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд олон ажлыг хийж байгаа. Олон улсын анхаарлын төвд байгаа зарим асуудлуудыг хэлэлцэх, цаашдаа хурлын үр дүнд Монгол улсын хэмжээнд халдвартын өвчин түвшин ямар байгаа, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах олон асуудлуудыг хэлэлцэж байгаагаараа тус хурал ихээхэн ач холбогдолтой болж байна. Олон улсын байгууллагаас энэ чиглэлээр 30 гаруй судалгаа хийсэн байгаа.

Халдварт өвчин өнөөдөр монгол улсад дундаж түвшингээс харьцангуй өндөр байна. Бид Олон улсын байгууллагууд, дэмжигч, донорууд, яамны харьяа байгууллагууд, эмнэлгүүдтэй хамтарч өнөөдрийн хурлыг зохион байгуулж байгаа.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч, Др. Су Ньюнт У: Энэ хурал нь Монгол Улсын хувьд “Халдварт өвчний тархалтыг зогсоох, шийдвэрлэхэд бусад улс орнуудын шилдэг туршлагатай танилцаж, сүүлийн үеийн шинэ мэдээлэл, нотлох баримтыг ашиглах чухал ач холбогдолтой. Монгол Улсад халдварт өвчний тархалт мэдэгдэхүйц нэмэгдсээр байгаа. Сүрьеэгийн тархалтын анхны судалгаанаас харахад Монгол Улс дахь өнөөгийн сүрьеэгийн тархалт “Үндэсний сүрьеэгийн хөтөлбөр” ба ДЭМБ-ын өмнө нь тооцоолсноос хавьгүй өндөр байна. Монгол Улсад БЗДХ-ын чимээгүй тахал нүүрлэж, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2015 онд 52 хүрсэн нь тус улсын эрүүл мэндийн тогтолцоонд ноцтой асуудал байгааг харуулж байна. Оролцогчид энэ хурлын талбарыг ашиглаж өөр хоорондоо нээлттэй ярилцаж, мэдээлэл, санал бодлоо солилцон, хамгийн чухал нь Монголд халдварт өвчний тархалтыг бууруулах чиглэлээр эрчимтэй ахиц гаргахад зөвлөмж саналаа хэлээсэй гэж ДЭМБ-аас хүсч байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Өнөөдөр халдварт өвчний тулгамдсан асуудал сэдвээр олон улсын хурал болж байна. Дэлхийн тэргүүлэх халдварт өвчинтэй тэмцэх улс орнуудад зөвлөгөө өгдөг шилдэг мэргэжилтнүүд манайд ирээд байна. Тухайлбал, амьсгалын замын халдварт өвчин, улаанбурхан, вакцин, ДОХ ,БЗХӨ, сүрьеэгийн чиглэлийн томоохон мэргэжилтнүүд ирсэн нь их онцлогтой. Ази номхон далайн баруун бүсийн ДЭМБ-ын манайхыг хариуцсан Мак Жакобс тэргүүтэй гэсэн бүрэлдэхүүн ирсэн.

Мөн Ази номхон далайн баруун эргийн  бүсийн Халдварт өвчинтэй тэмцэх стратеги батлагдсаны дөнгөж дараа нь Монгол улсад энэхүү хурал болж байгаа нь бас онцлогтой байна. Монгол улсын хувьд В, С вирусыг илрүүлэх, тоолох шинжилгээг ЭМД-д оруулж эхэлсэн нь том амжилт боллоо.  Иргэн өөрөөсөө мөнгө гаргалгүй ЭМД-аар дамжуулан мөнгөө төлнө гэдэг чухал. Нэг хүн даатгалаас жилд хоёр сая төгрөг  хэрэглэх боломжтой. ХӨСҮТ-д 165 мянган төгрөгөөр С вирус тоолох шинжилгээг ЭМД-аар төлүүлнэ гэдэг ард иргэдийн нуруунаас санхүүгийн маш том ачааг авч байгаа хэрэг. Мөн элэгний С вирусыг эмчлэх харвони эмийг Монгол Улсад оруулсан. Анх 96 мянган ам.долларын өртөгтэй, чанартай энэ эмийг 1200 ам.долларын өртгөөр гурван сарын хугацаанд эмчлэх болсон. Үүнийг дахин багасгаж бүрэн эмчилгээг нь 900 ам.доллар болгон бууруулсан. Энэ дотроо 30 хувийг нь ЭМД-аар төлүүлэхээр болсон. Өнгөрсөн хугацаанд шинэ эмийг нэвтрүүлснээр 6000 гаруй хүнийг эмчилгээнд хамрууллаа. Үүний 90 гаруй хувь нь өндөр үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоогоод байна.

ХӨСҮТ-ийн эмчилгээ хариуцсан дэд захирал М.Тунсаг: Өнөөдрийн энэ хуралд Монгол, ОХУ, Япон, БНХАУ, Австрали улсын эрдэмтэд болон ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтнүүд зэрэг 200 гаруй төлөөлөл оролцож байна. Халдварт өвчин  монголын түвшинд хэр байгаа юм вэ гэдгийг олон улсын  судлаачийн түвшинд гаргасан судалгаанд тулгуурлан  сайн хэлэлцэж, ажиллах төлөвлөгөөтэйгээр энэхүү хурал зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэ хурлын төгсгөлд Монгол Улсын Засгийн газар болон оролцогч талуудад хандсан халдварт өвчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж гарах юм.

Халдварт өвчнийг эрт илрүүлдэг, оношилдог хандалтын тогтолцоотой байх, хүн амд мэдээлэл хүргэхийг эрчимжүүлвэл халдварт өвчинтэй тэмцэхэд илүү үр дүнд хүрнэ. Мөн халдварт өвчний үе эхэлсэнтэй холбогдуулан  хүүхдээ витаминжуулах, эхийн сүүгээр хооллох нь улаанбурхан төдийгүй олон өвчнөөс сэргийлэхэд нэн чухал гэдгийг эмч хүний хувьд хэлмээр байна. Улаанбурхан өвчнөөс сэргийлэх арга хэмжээг нотолгоонд суурилан, оновчтой зохион байгуулахын тулд хүн амын дунд уг өвчний эсрэг дархлалын түвшинг тогтоох судалгааг ДЭМБ, Үндэсний статистикийн хороотой хамтран хийхээр бэлтгэл ажлаа хангасан.
ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Нарантуяа: Манай улсад зонхилж буй халдварт өвчний дунд сүрьеэ, бэлгийн болон амьсгалын замын халдвар нь тодорхой хэмжээгээр хүн амын нас баралт, өвчлөлтөд өндөр нөлөөтэй байна. Эдгээр халдварт өвчинтэй тэмцэхэд ганц эрүүл мэндийн салбар ажиллах боломжгүй. Тиймээс салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах хэрэгтэй.  Нас насны хүмүүс эдгээр өвчнөөр өвчилж байгаа учир боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбар хувь нэмрээ оруулах ёстой. Өнөөгийн глобальчлагдсан нийгэмд халдварт өвчин хурдацтай тархах эрсдэлтэй учир ямар ч орон халдварт өвчний аливаа дэгдэлт гарахад бэлэн байдлыг хамгийн түрүүнд хангах ёстой.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37378
0 эможи
keyboard_arrow_up