М.Тунсаг: Өндөр зардалтай хагалгааг бага зардлаар хийж, үйлчлүүлэгчид ээлтэй орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна

2016 оны 10 сарын 14

Өнөөдөр ХӨСҮТ-д Нээлттэй хаалганы өдөрлөг болж байгаатай холбогдуулан  тус эмнэлгийн эмчилгээ хариуцсан дэд захирал М.Тунсагаас зарим зүйлийг тодрууллаа.

 

Өнөөдөр ХӨСҮТ-ийн нээлттэй хаалганы өдөрлөг болж байна. Энэ үеэр ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ?

-Өнөөдөр Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Нээлттэй хаалганы өдөрлөгийг ХӨСҮТ-д зохион байгуулж байна. Өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байгаа гол зорилго нь ард түмэнд нээлттэй үйлчлэх, үйлчлүүлэгчдэд ээлтэй, чирэгдэлгүй, аюулгүй орчинг бүрдүүлэхэд оршиж байна. Энэ үеэр мэргэжлийн элэг, сүрьеэ, хамар хоолой, мэдрэлийн эмч нарын үзлэг хийн онош тавьж, шаардлагатай бол эмчилгээнд хамруулахаар ажиллаж байна. Иргэд маань урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар өөрт байгаа ямар нэгэн өвчинг эрт үе дээр нь оношлуулж, эмчлүүлэх боломжтой болох сайн талтай.

Үүнээс гадна бид рентгены зураг авч, сүрьеэгийн эмч үзлэг хийн оношлох, хэвлийн хөндийн эрхтнүүдийн эмгэгийг илрүүлэх эхоны хоёр эмч ажиллаж байгаагаар олон нийтэд бүрэн хамруулж чадаж байна.

Халдвартын эмнэлгийн зүгээс шинээр хийгдсэн болон хийгдэж байгаа шинэлэг ажлуудаасаа дурдвал...

Бидний энэ жил хийсэн хамгийн том ажил бол элэгний маркерийн шинжилгээ, вирус тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалд хамрууллаа. Энэ бол ард түмний нуруунаас маш том ачааг авч байгаа хэрэг. Өмнө нь элэгний С вирусыг тоолуулахад 160 мянган төгрөг төлдөг байсан бол өнөөдөр эрүүл мэндийн даатгалаараа төлөх боломжтой болсон. Хоёрдугаарт бид уушигны дурангийн хагалгааг хийж эхэллээ. Глобал сангаас 27 мянган долларын өртөгтэй уушигны дуранг манай эмнэлэгт өгсөн байгаа. Ингэснээр өнөөдөр бид өндөр зардалтай хагалгааг бага зардлаар хийж, үйлчлүүлэгчид ээлтэй орчинг бүрдүүлж чадлаа. Өнөөдрийн байдлаар тус хагалгааг 20 гаруй иргэнд хийчихээд байна.

Мөн эмнэлгийн зүгээс төсвөө шийдэж эсийн лабораторыг 24 цагийн турш ажиллуулж байна.

Хүйтний улирал эхлэхээр томуу, томуу тост өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ тал дээр  ямар ажлуудыг авч хэрэгжүүлж байна?

Тийм ээ. Хүйтний улирал эхлэхээр ханиад, томууны  өвчин дэгддэг. Томуу томуу тост өвчнөөр бага насны хүүхдүүд их өвдөж байна. Хүүхдүүдийг аль болох дааруулахгүй байх, амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүн өгч тэдний дархлааг дэмжих хэрэгтэй. Улаанбурхны тарилгаа мөн үргэлжлүүлэн хийж байгаа учраас тус өвчний дэгдэлт одоогийн байдлаар харьцангуй бага байна. Үүнээс гадна гэдэсний өвчин, гэдэсний суулгатай хүүхдүүд ирж байна. Хүнсний эрүүл аюулгүй байдал алдагдсан үед гэдэсний өвчин буурахгүй. Зах, олон хүмүүс цугларсан газар ил задгай жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүнийг их зарж байна. Тийм учраас энэ гэдэсний өвчин буурахгүй байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ гаднаас хүнсний бүтээгдэхүүн авч өгөхгүй байх, авч өгсөн тохиолдолд заавал угаах шаардлагатайг зөвлөж байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37245
0 эможи
keyboard_arrow_up