ХӨСҮТ-ийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр иргэдэд зарим ҮЙЛЧИЛГЭЭГ үнэгүй хийж байна
Өнөөдөр буюу 10 дугаар сарын 14-ны өдөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоногийн хүрээнд ХӨСҮТ-өөс “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдөрлөг 10 цагаас тус төвийн Амбулатори дээр болсон юм. Тус өдөрлөгт ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, дэд захирал М.Тунсаг нар болон тус төвийн эмч, сувилагч мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр иргэдийг үнэгүй үзлэгт хамруулан, сургалт сурталчилгааны материал тарааж, байгууллагаа сурталчилан, эмч, мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, мэдээллээр ханган ажиллалаа.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр олон иргэдийг хамруулж, үнэгүй үзлэг оношлогоо хийсэн хамт олонд иргэд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Дашрамд дурдахад ХӨСҮТ-өөс хэд хэдэн шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулсан тухай албаны хүмүүс мэдээлэл өглөө. Тодруулбал, улсын хэмжээний 18-30 насны залуучуудыг улаанбурханы эсрэг дархлаажуулалтад хамруулж, сүрьеэгийн мэс засалд анх удаа дурангийн мэс заслыг амжилттай нэвтрүүлсэн байна.
Мөн улаанбаатар хот, төвийн бүсийн 5 аймгийн хэмжээнд 6 сар хүрсэн бүр хүүхдүүдэд улаанбурханы вакцин хийх ажлыг зохион байгуулж, дархлаажуулалтын мэдээллийн баазтай болох ажил амжилттай эхлүүлжээ.