Цус сэлбэлтийн судлалын үндэсний төв шинэ техник, технологийг нэвтрүүлжээ
Цус сэлбэлт судлалын үндэсний төв шинэ техник, технологи нэвтрүүлжээ. Энэ дагуу нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын гэрээний дагуу “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Цусны албанд 2016 он гарснаар олон шинэ технологи нэвтрүүлж эхэлсэн байна.
Тэгвэл тус төвд шинээр нэвтрүүлсэн зарим тоног төхөөрөмжийг танилцуулъя.
Аферезийн аргаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх /MSC/ технологи
Энэхүү шинэ тоног төхөөрөмжүүдийг нэвтэрүүлснээр нэг донорын цуснаас олон төрлийн эсийн бүтээгдэхүүн бэлтгэх боломжтой болжээ.
Вирүс идэвхгүйжүүлэх технологи
Сийвэн, ялтас эсийн өтгөрүүлэгт аматосолен бодис нэмж хэт ягаан туяагаар шарах технологи нь вирүсийн цөмийг нэвтлэн орж, нуклеин хүчлийн репликацийг саатуулах чадвартай. Өөрөөр хэлбэл, вирусийн өсөлт, үржлийг зогсоох үйлчилгээтэй технологи юм.
Цус, цусан бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах технологи
Цус сэлбэлттэй холбоотой дархлалын урвал хүндрлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цус, цусан бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарна. Энэхүү бүтээгдэхүүн дараах тохиолдолд хэрэглэгдэнэ. Тухайлбал:
- Дархлаа дарангуйлагдсан өвчтөн
- Дархлаа дарангуйлах болон хими эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн
- Нярай хүүхэд, 65-аас дээш насны өвчтөн
- Үүдэл эс болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөн зэрэг болно.
Тусгай зориулалтын Motion зөөврийн компьютер
Өндөр хүчин чадал бүхий Motion зөөврийн компьютер нь тусгайлан эмнэлгийн зориулалттайгаар бүтээгдсэн бөгөөд донорын бүртгэл, мэдээллийн сан үүсгэх, шинжилгээний хариу илгээх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэдээлэл гэх мэт Цусны албаны бүхий л үйл ажиллагаанд ашиглах боломжтой аж.
Дашрамд дурдахад Цус сэлбэлт судлалын үндэсний төвд иргэн бүр хандаж цусаа хандивлах нь бусдын амь нас эрүүл мэндийг аврах давуу талтай. Жил ирэх тусам цусаа хандивладаг донорын тоо ихэсч байгааг тус төвөөс мэдээлж байна.