Нүдний эмч нар маргааш үнэ төлбөргүй үзлэг хийнэ
Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагийг хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, тус асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд маргааш нүдний эмч нар зургаан дүүргийн эмнэлэгт үзлэг үнэгүй хийхээр болжээ. Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллаж иргэдэд болон чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөх юм байна. Мөн орон нутагт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд нүдний эрүүл мэндийн тухай өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өглөө 09.00 цагаас тус өдөрлөг, арга хэмжээ эхлэх аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт “Инфинити” эмнэлэг, Баянзүрх дүүрэгт “Солонго” эмнэлэг, Сүхбаатар дүүрэгт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Чингэлтэй дүүрэгт “Болор мэлмий” эмнэлэг, Баянгол дүүрэгт “Орбита” эмнэлэг, Хан-Уул дүүрэгт “Сайт” эмнэлэгт тус тус үнэгүй үзэх юм байна.