Эмийг зөвхөн эмчийн бичсэн жороор ХЭРЭГЛЭЖ СУРЪЯ!

2016 оны 9 сарын 26

МХЕГ-аас эм, биобэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийлээ.

Шалгалтад 207 эмийн сан, 40 эм ханган нийлүүлэх байгууллага, хоёр эмнэлэг нийт 247 байгууллага аж ахуйн нэгжийг хамруулаад байна.

 

Энэ хяналт шалгалт нь хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилготой байсан.

Харин энэ урьдчилан сэргийлэх хяналтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 24 нэрийн 581 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 56 нэрийн 3,524 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 43 нэрийн 1,137 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлсэн гэдгээ албан хүмүүс мэдэгджээ.

Үүнээс нэг асуудлыг ЭЦГ-т шилжүүлж, нийт 124 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 26 акт үйлдэн хураан авч, иргэдэд чиглэсэн 15 сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээлэл түгээж ажиллаж байгаа юм.

Тэгвэл эмийн зохистой хэрэглээний талаар танд хэрэгтэй зарим мэдээллийг хүргэж байна.

Эмийг зөвхөн эмчийн заасан зааврын дагуу ХЭРЭГЛЭЖ СУРЪЯ!

Эрүүл мэндийн сайдын 2005 оны 172 тоот тушаалаар нэр бүхий 359 эм, 50 уламжлалт эмийг заавал эмчийн жороор олгоно гэж заасан байдаг. Гэхдээ жил бүр шинэчилж, дээрх нэр бүхий эмүүдэд бага зэрэг өөрчлөлт ордог аж.

Харин антибиотикийг заавал эмчийн жороор олгох ёстой байдаг ч манай улсын хувьд ямар ч хяналтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, яг л хувцас, барааны биснесээс ялгагдахааргүй болж, эмийн сангууд эмийг эмчийн жоргүйгээр худалдаасаар байна. Тэр ч бүү хэл, хүссэн эм, тариаг нь хүргэлтээр хүргэж өгдөг үйлчилгээ нэвтэрчээ. Гэхдээ энэхүү эм хүргэлтийн үйлчилгээ жороор үйлчилдэг эсэх нь тодорхойгүй байгаа. Зарим эмийн сангууд хүргэлтийн үйлчилгээ нь 20000 төгрөгөөс дээш үнийн дүнд үйлчилдэг гэдгээ ч тодорхой заасан байгаа.  Эмийн зохисгүй хэрэглээ нь эмийн хордлого, харшил үүсч цаашлаад тухайн эмэнд дасал болох олон сөрөг үр дагавартай гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад эмийн зохистой хэрэглээг хуулиараа зохицуулж өгдөг бөгөөд хөнгөн хэлбэрийн өвчин намдаах эм, ургамлын гаралтай эм, ханиадны сироп зэргийг эмийн сангаар жоргүй олгодог. Мөн зөвшөөрөгдсөн эм, витаминыг онлайнаар худалдаалж болдог ба харин эмчийн зөвшөөрлөөр олгох ёстой эмийг жоргүй олговол маш өндөр мөнгөн торгуул ногдуулдаг гэдгийг Австралийн нэртэй онлайн худалдааны сайтын эзэн Истер Кийлинг хэлж байсан.

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал мөн. Эм нь тохиромжтой тунгаар хэрэглэвэл эм болох бөгөөд  тунг хэтрүүлэн буруу хэрэглэвэл хор болно.“Эмийн зохистой хэрэглээ” гэж эмийг шаардлагатай тохиолдолд эмч, эм зүйчийн заавар зєвлємжийн дагуу зөв хэрэглэхийг хэлнэ.

Эмч эмийг хэрэглэх үед тухайн эмийн талаар зайлшгүй мэдэж байвал зохих зүйлүүдийг танд зөвлөнө. Эмийг ямар тунгаар хэрхэн, яаж  /өдөрт хэдэн удаа, хэдэн өдрийн туршид / хэрэглэх, хоол унд, бусад эмүүдтэй хэрхэн уялдуулах, хориглох заалт, гаж нөлөөний илрэл, авах арга хэмжээ, хэрэглэж байх үедээ анхаарвал зохих дэглэм, эмийг зөв хадгалах тухай.

Эмийн жор гэж юу вэ?

 “Эмийн жор” гэж эмчийн зүгээс эм зүйч, эм найруулагчид хандан бичсэн, эмийг тухайн өвчтөнд зориулан  хэрхэн  бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг хэлдэг.

Эмийг яагаад эмчийн жороор хэрэглэх ёстой вэ?

Эмч нь аливаа өвчин эмгэгээр өвчилсөн тухайн хүнд бүрэн тохирох эмийг сонгож, хэрэглэх аргыг зөв тодорхойлсноор  эмчилгээ үр дүнтэй болдог тул эмийг заавал эмчийн жороор хэрэглэх ёстой байдаг. Эмчийн бичсэн жорын дагуу эмийг зөв хэрэглэснээр өвчин эмгэг түргэн илааршиж, үлдэгдэлгүй эдгэх нөхцөл бололцоо бүрддэг юм. Эмийн “хэрэглэх заавар”-аас эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гаж нөлөө, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглээрэй.

Та эмийг эмчийн бичсэн жороор эмийн сангаас авдаг уу?

Эмийн санд бэлтгэж буй эмүүдэд чанарын шинжилгээ хийгдсэн баталгаатай байдаг. Эм хэрэглэх явцад эрсдэл гарсан тохиолдолд хариуцлага хүлээх хуулийн этгээдийг тогтоох бололцоотой. Иймд баталгаатай эмийг та зөвхөн эмчийн зааврын дагуу эмийн сангаас авах нь найдвартай юм. Жирэмсний энхий 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь чухал. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.

Эмийг гэртээ хэрхэн зөв хадгалах вэ?

  • 25 хүртэл хэм тасалгааны, ердийн нөхцөлд/шахмал, бүрхүүлтэй капсжилтай эм, дотуур уух гадуур хэрэглэх болон ургамлын гаралтай эм/
  • 15 хэм хүртэл болон шилэн хаалгатай хөргүүр /био бэлдмэл, тосон түрхлэг, лаа хэлбэрийн эм/
  • 2-8 хэм хөргөгчний хаалганд /спиртийн найрлагтай нүд, чихний дусаалга, сироп найрлагатай эм, цус, цусан бүтээгдэхүүн/
  • Хүүхдийн гар хүрэхгүй өндөр газар эсвэл  далд шүүгээнд хадгалах
  • Эмийг сэрүүн, нарны гэрэл шууд тусахгүй харанхүй газар хадгалах
  • Эмийн санд найруулсан уусмалыг 3 хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй.
  • Нэр, тун хэмжээ, хадгалах хугацаа нь тодорхойгүй буюу хугацаа дууссан эмийг бүү хадгал, шууд устга.
  • Эмийн хүчинтэй хугацааг хянах, шаардлагатай мэдээллийг эргэн харахын тулд өөрийнх нь хайрцаг саванд хадгалаарай.
  • Цаасан болон полиэтиленд хадаатай эмийг хэрэглэх үед дууссан хоосон хэсгийг хайчилж хаядаг. Ингэхдээ эмийн нэр, тун, хүчинтэй дуусах хугацаатай хэсгийг заавал үлдээгээрэй. Учир нь дараа нь ямар эм болохыг мэдэхэд хялбар байх болно.

Эмийн талаар буруу ойлголт

Эмийг буруу хэрэглэвэл хор болно. Нянгийн эсрэг эмүүд асар үнэтэй байдаг. Хамгийн сүүлийн үеийн, сайн үйлчилгээтэй эм байх тусмаа үнэтэй. Хүмүүс хамгийн сайныг нь хэрэглээд, хурдан эдгэчихье гэж боддог. Үнэн хэрэгтээ хамгийн хүчтэй эмэнд дасал үүсгэчихвэл эргээд ямар ч эмэнд эмчлэгдэхгүй байх аюултай. Эмийг зөв хэрэглэхийн тулд эмч нарт, эм зүйчдэд хандсан сургалт хийх ёстой. Иргэд, эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх ёстой. Эмийн зааврыг монгол хэлээр хэвлүүлж хүмүүст зөв ойлголт өгөх ёстой гэдгээ мэргэжилтнүүд зөвлөж байна.

Одоогоор Манай улсад эмийн хэрэглээний талаарх нэгдсэн дэлгэрэнгүй статистик тоо баримт байхгүй байна. Иймд энэ удаа Doctor Pro эмийн хэрэглээний талаарх зарим судалгааг түүвэрлэн хүргэж байна.

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36706
0 эможи
keyboard_arrow_up