АНУ-ын Ютай Анагаахын Их сургуулийн захирал, профессор Рэймонд Прайсийг хүлээн авч уулзав

2016 оны 9 сарын 22

  Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг АНУ-ын Ютай Анагаахын Их сургуулийн Олон улсын мэс заслын төвийн захирал, профессор Рэймонд Прайс болон АШУҮИС-ийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, профессор О.Сэргэлэн нарыг  өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд профессор Рэймонд Монгол Улсад дурангийн мэс заслыг хөгжүүлэх чиглэлээр 2005 оноос хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид дурангийн мэс заслын олон улсын төвийг Монгол Улсад байгуулах, ДЭМБ-ын яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төвийг бэхжүүлэх болон ахисан түвшний амилуулах сургалт явуулах, сургагч багш бэлтгэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Профессор О.Сэргэлэн дурангийн мэс заслыг үндэсний хэмжээнд хөгжүүлэхэд Ютай их сургуулийн Олон улсын мэс заслын төвтэй хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

   2005 оноос “Монгол Улсад дурангийн мэс заслыг хөгжүүлэх” төслийг АНУ-ын Свансын гэр бүлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд 2005-2007 онд УНТЭ, УХТЭ, ХСҮТ-ийн эмч нарыг дурангийн мэс заслын сургалтад хамруулж, УНТЭ, ХСҮТ-д дурангийн мэс заслын 150,000 ам.долларын өртөг бүхий дурангийн мэс заслын иж бүрдэл бэлэглэсэн байна. 2008 оноос Ховд, Өвөрхангай, Дорнод, Эрдэнэт, Дарханы БОЭТ-үүдийн мэс заслын эмч нарыг дурангийн мэс заслын сургалтад хамруулснаар дурангийн мэс засал үндэсний хэмжээнд хөгжих боломж бүрдэж, өнөөгийн байдлаар Улаанбаатар хот, хөдөөд цөсний хүүдий авах нийт мэс заслын 86 хувийг дурангаар гүйцэтгэж, ор хоног дөрөв  дахин, мэс заслын өртөг 71 хувиар буурсан байгааг онцлон тэмдэглэв.

  Уулзалтаар талууд дээрх асуудлын хүрээнд харилцан санал солилцож, сайд А.Цогцэцэг Монгол Улсад дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Проф. Рэймонд-д талархалаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36614
0 эможи
keyboard_arrow_up