Удахгүй элэгний С вирусийн эсрэг эмийг 150 ам.доллароор худалдаж авах боломж бүрдэнэ
Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “Оном” сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын Гастроэнтерологийн холбоо зэрэг ТББ-ууд элэгний С вирусийн эсрэг эмийг 155 ам.доллароор оруулахаар болсон талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Энэтхэгийн “Strides Shasun” компанийн үйлдвэрлэдэг Вирпасыг ирэх сарын эхний долоо хоногоос эхлээд 155 ам.доллараар худалдаалахаар болжээ. Уг эм нь одоогоор доод тал нь 250 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.
“Оном“ сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар мэдээллийн үеэр хэлсэн үгэндээ “Энэ асуудлаар Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандаж байгаа. Төрийн бус байгууллагууд эмийг 40 хувийн хөнгөлөлттэй оруулж ирсэн. Одоо төрийн байгууллага нь энэ эмийг нийгмийн даатгалын сангаас 80 хувиар хөнгөлнө гэдэгт найдаж байгаа” гэсэн юм. Мөн тэрээр эмийн үнийг даатгалын сангаар хөнгөлүүлэх ажлыг энэ сардаа багтаахаар төлөвлөн ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
Хэрэв түүний хэлсэнчлэн төрөөс уг эмийг 80 хувь хөнгөлж өгвөл иргэд курс эмчилгээнийхээ гурван хайрцаг эмийг 150 ам.доллароор худалдан авах таатай боломж бүрдэх юм байна.