Цэцэрлэгийн эрхлэгч нар “Хүүхдийн хоол тэжээл-Эрүүл мэнд” сургалтанд хамрагдав
“Хүүхдийн хоол тэжээл-Эрүүл мэнд” сургалтыг ЭМЯ-наас “Хүнс хангамж” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газартай хамтран 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус сургалтад Сонгино хайрхан дүүргийн нийт 38 цэцэрлэгийн эмч, эрхлэгч нар оролцов.
Бага насны хүүхдийн хоол тэжээлийн байдлыг үнэлэх, хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд, цэцэрлэгийн хүүхдэд эрүүл мэнд хоол тэжээлийн боловсрол олгох шаардлага, усны хэрэгцээ, хоолны аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр лекц, илтгэлүүд тавигдаж, Цэцэрлэгийн хүүхдэд зориулсан үйлдвэрлэл үйлчилгээнд хориглох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний тухай санал, хэлэлцүүлгийг ч зохион байгууллаа.
ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал сургалтад оролцсон цэцэрлэгийн эмч, эрхлэгч, нийт хүмүүст хандан үг хэлэхдээ,
“Эрүүл мэндийн яам Боловсрол шинжлэх ухааны яамтай санал солилцож, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаж буй хүүхдийн хоол тэжээлийн байдлын үнэлгээ, амны хөндийн эрүүл мэндийн сургалтыг цэцэрлэг, яслиар дамжуулан хийх боломжийг харсан юм. ЭМЯ, БШУЯ-ны хамтын ажиллагааг уялдуулж, энэ боломжийг дэмжин хамтран ажиллаж буй Нийслэлийн өмчийн үйлдвэрийн газар “Хүнс хангамж” ХХК-д талархлаа илэрхийлж байна” гээд Улаанбаатар хотын бусад дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн өмчийн бусад үйлдвэрийн газруудад энэ санаачлагыг дэмжихийг уриалсан юм.