ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

2014 оны 5 сарын 23

Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт  ХЭН, ЮУ хэлсэн талаар таньд хүргэж байна.   /2014.5.19-2014.5.23/

 

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

Баянзүрх дүүргийн нэгдэл болон нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хоёроос нэг нь 100% хувийн хэвшил, нөгөөдөх нь 100% төсвийн байгууллага болчихсон дүр зураг харагдаж байна. Ачаалал болон бүтцийн хувьд ялгаатай. Мөн санхүү чадварын хувьд ч гэсэн өөрчлөлттэй зүйлүүд харагдаж байна. Энэ 2 хэрхэн үйл ажиллагаа уялдуулж, холбоотой ажиллах асуудлыг нэлээд ярилаа. Яригдсан асуудлаас хамгийн гол нь Баянзүрх нэгдсэн эмнэлэг мэс заслын тасаг байхгүй асуудал юм. Бид нийслэлийн эрүүл мэндийн газарт шаардлага хүргүүлнэ. Нийслэлийн эрүүл мэндийн газар гэрээнийхээ дагуу Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өөрсдийн шаардлагыг хүргүүлэх байх. Мөн Баянзүрх дүүргийн өрхийн эмнэлэгүүдээр орж амжаагүй байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өрхийн эмнэлэгүүдээр орж танилцах бодол байна. Өрхийн эмнэлэг дээр ЭМЯ шинэчлэлийн хүрээнд хийсэн гол зүйл бол үйлчилгээ багцыг өөрчилсөн. Үйлчилгээ багцыг өргөжүүлж, олон төрөл болгосон. Өрхийн эмнэлэг багцын хүрээнд үйлчилгээ үзүүлж чадахгүй байгаа бол хариуцлага тооцно. / Нийслэл таймс 2014.5.23/

ХӨСҮТ-ийн захирал, доктор, профессор Д.Нямхүү: Монгол улс Улаанбурхан өвчнийг таслан зогсоосон гэрчилгээг авахаар болсон

Дэлхий дээр жил бүр 58.8 сая хүн янз бүрийн шалтгаанаар нас барж байгаагийн 15 сая нь халдварт өвчний улмаас нас барсан байдаг. Нас баралтын гол гол шалтгаан болж байгаа амьсгалын замын халдвараар 4.3 сая, суулгат халвдараар 2.5 сая, ДОХ/ХДХВ халдвараар 1.8 сая, сүрьеэгээр 1.3 сая, хумхаагаар 800 мянган хүн нас барж байгаа тоо баримт байдаг. Дүгнэн хэлэхэд, халдварт өвчин дэлхийн хүн амын эрүүл мэнд, улс орнуудын эдийн засагт хохирол учруулсан хэвээр байна. Харин манай улсын хувьд 2013 оны халдварт өвчний тайлан мэдээнээс үзвэл, улсын хэмжээнд 40 орчим мянган хүн халдварт өвчнөөр өвчилж, 130 гаруй хүн нас барсан. Монгол улс түүхэндээ 3 дахь халдварт өвчнөө бүрэн устгах цаг ойртож байна. Монгол улс аль эрт 1940 онд  цагаан цэцэг буюу бодоо өвчнийг устгасан түүхтэй. Түүнээс хойш 1980 онд хуралдсан дэлхийн эрүүл мэндийн 33 дугаар чуулганаас цагаан цэцэг өвчин бүрэн устсаныг тунхаглан зарлаж байсан. Дараа нь 2000 онд гурван өөр хэв шинжийн вирусээр үүсдэг халдварт саа буюу полиомиелит өвчнийг устган, олон улсын гэрчилгээг авч байсан. Хүний халдварт өвчнүүдийн дотроос хамгийн халдвартай нь улаанбурхан. Манай улс ДЭМБ-н дархлаажуулалтын өргөжүүлсэн хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн үеэсээ улаанбурхан өвчлөлийг таслан зогсоох, дэвшүүлсэн зорилтоо товлосон хугацаанд нь биелүүлэхэд чухал түлэхц болсон. Товчхон хэлэхэд, Монгол улс улаанбурханы халдварыг таслан зогсоох хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, ДЭМБ-н шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан учраас тун удахгүй олон улсын гэрчилгээг авах гэж байна. /Зууны мэдээ 2014.5.22/

СЭМҮТ-ийн "Хүүхэд өсвөр үе" клиникийн их эмч Б.Баярмаа: PC –д донтсон 40 хүүхэд эмчлүүлж байна

Хүүхдүүд PC тоглоомонд донтож улмаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Тиймээс бидний хэлж заншсанаар “Шар хад”-ны эмнэлгийг хүүхэд, өсвөр үеийнхэн ихээр зорьдог аж. “Хүүхэд, өсвөр үе” клиникийн тасагт янз бүрийн шалтгаанаар сэтгэцийн эмгэгтэй болсон хүүхдүүд хэвтэн, эмчлүүлдэг байна. Энэ тасагт жилд 250 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг гэнэ. Бид их эмч Б.Баярмаатай ярилцах зуур цахим тоглоомонд донтсон хүүхдүүд эмчлүүлж байгаа тасагт орлоо. 13-16 насны арваад хүүхэд тэнд байна. Б.Баярмаа эмч “Хүүхдүүдэд аль болох тоглоомыг нь орлох эмчилгээ хийдэг. Эдгээр хүүхдүүд архаг сульдаанд орсоноос нүүр ам нь татвалздаг уналт таталт өгдөг, зан төрхийн өөрчлөлттэй гэж ирдэг. Зарим хүүхэд их догшин зантай болсон байдаг. Хүүхдүүд донтохоороо сэтгэцийн хараат байдалд орж мөнгөгүй бол бусдын тоглож байгааг харж тайвшрах, цаашлаад бүлэглэн хулгай дээрэм хийж тоглоом тоглох мөнгөө хайдаг” гэлээ. Цахим тоглоомонд донтсон хүүхдүүдийн тоо 2009 онд 18 байсан бол 2012 онд 30, энэ оны хагас жилийн байдлаар 40 хүүхэд эмчлүүлсэн нь жил ирэх тусам хурдацтай өсөж байгаа тоо гэдгийг албаны хүн онцолсон юм. Мөн 25 ортой энэ тасаг сурагчдын амралтаар нэг орон дээр 2 хүүхэд хэвтүүлэх тохиолдол ч гардаг гэнэ.  /Зууны мэдээ 2014.5.23/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3389
0 эможи
keyboard_arrow_up