Улаан бурханы эсрэг вакцин хийлгээгүй бол 20-30 мянган төгрөгөөр торгоно

2016 оны 5 сарын 25

Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст вакцин хийж эхэлсэн.

Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд товлосон хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Гэвч өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ. Тиймээс Засгийн газраас орон даяар хийж буй нэмэлт дархлаажуулалтын хугацааг энэ сарын 31-нийг хүртэл сунгасан байна.

Орон нутагт хийгдэж буй нэмэлт дархлаажуулалтад Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймгийн залуус идэвхтэй хамрагдаж байгаа бол Завхан, Архангай, Сүхбаатар аймгийн иргэд идэвх муутай байна.

Нийслэлийн тухайд вакцинд хамрагдах ёстой нийт залуусын 50 хувь нь амьдарч байгаа юм. Тодруулбал, албан ёсоор оршин сууж буй 306 мянган залуу, түүнчлэн хөдөө орон нутгаас ирж суралцаж буй харьяаллын бус 70 мянган иргэн вакцинд хамрагдах ёстой аж. Харин өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт залуусын 76 хувь нь хамрагдсан байгаа юм. Тиймээс нийслэлд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацааг ирэх зургаадугаар сарын 1 хүртэл сунгасан.

Өнгөрөгч 2000 онд батлагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, шаардлагын дагуу урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх үүрэгтэй. Хэрэв энэ заалтыг зөрчсөн бол 20-30 мянган төгрөгөөр торгох заалттай. Түүнчлэн хэрэв нэмэлт дархлаажуулалтад хамрагдаагүй бол заавал нөхөн дархлаажуулалтад хамруулах бөгөөд эндээс гарсан зардлыг мөн иргэнээс төлүүлэх юм.

Харин аж ахуйн нэгж байгууллагын хувьд хуулийн дагуу ажилчдаа нэмэлт дархлаажуулалтад бүрэн хамруулах үүрэгтэй. Мөн шаардлагатай бол нэмэлт вакцин хийлгээгүй хүмүүсийг ажилд шинээр авахгүй байх эрхтэй юм.

Тиймээс 18-30 насны залуус өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндийн төлөө товлосон хугацаанаас өмнө улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

Нэмж мэдээлэхэд, 18-30 насны оюутан залуус харьяалал харгалзахгүй өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн төв, албан байгууллагууд эсвэл  их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакциндаа хамрагдах боломжтой юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33790
0 эможи
keyboard_arrow_up