Мэс заслын тусламж үйлчилгээг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд бэхжүүлэх нь зүйтэй
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж байга Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 67 дугаар ассамблейн А хорооны хурлаар өчигдөр дэлхийн дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны ХШҮДАГ-ын дарга Др. С.Төгсдэлгэр оролцож, Монгол Улсын Засгийн Газрын байр суурийг илэрхийлж, тодорхой саналуудыг дэвшүүлсэн байна.
Тэрбээр Монгол Улс дархлаажуулалтын хувьд маш олон жилийн туршлагатай болохыг, түүнчлэн ДЭМБ, Хүүхдийн сан, Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Вакцин, дархлаажуулалтын глобаль альянс зэрэг олон улсын түншүүдтэй урт удаан хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлж байгаа талаар тэмдэглэв. Монгол Улсын хувьд халдварт сааг устгаж, 5 хүртлэх насны хүүхдийн дундах гепатит Б вирүсийн халдварыг 1%-аас бууруулах бүсийн зорилтод хүрсэн, улаанбурханы халдварыг устгасан хэмээн ДЭМБ-аас зарласан зэрэг амжилтууд байгаа ч сүүлийн жилүүдэд вакцинаар урьдчилан сэргийлэгддэг өвчлөлүүдийн гаралт эрс буурахын хирээр вакцины эсрэг компанит ажил ихээхэн өрнөж байгаа тул улс орнуудын түвшинд болон дэлхий нийтийн хэмжээнд дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн тандалт судалгааг сайжруулж, олон нийтэд мэдээлэх мэдээллийн стратегийг бэхжүүлэх шаардлагатай болох талаар санал дэвшүүллээ. Түүнчлэн Дэлхийн дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасанчлан дархлаажуулалтын хөтөлбөрүүдтэй холбоотой тоон мэдээлэл, ялангуяа дархлаажуулалтад зарцуулж байгаа зардлын тухай мэдээлэлийг чанаржуулах шаардлагатай байгааг тэмдэглэв.
Тэрбээр цааш хэлэхдээ Монгол Улсын төрөлт, нас баралтын мэдээнд үнэлгээ хийхэд иргэний буртгэл мэдээлэл болон эруул мэндийн статистик мэдээлэл зөрүүтэй байгаа дүн гарсан тул эрүүл мэндийн мэдээлэлийн тогтолцоо болон эрүүл мэндийн үндэсний тооцоолол, төрөлт, нас баралтын мэдээлэлийг сайжруулах нь нийгмийн эрүүл мэндэл чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Тухайлбал эрүүл мэндийн байгууллагуудаас гаргасан мэдээлэлээс харахад дархлаажуулалтад хамрагдагсад 95 хувь байсан бол хүн амын дунд явуулсан судалгааны дүнгээс харахад 2 хүртлэх насны хүүхдийн 80 хүрэхгүй хувь нь дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрт орсон вакцины 11 тунд бүрэн хамрагдсан болох нь тогтоогдсон тухай иш татсан байнa.
Мөн өдөр Зайлшгүй шаардлагатай яаралтай мэс заслын асуудлаар нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг ДЭМБ-аас зохион байгуулсан бөгөөд 2015 оны Дэлхийн эрүүл мэндийн 68 дугаар ассамблейгаар энэ асуудлаар тогтоолын төсөл батлуулахаар зэхэж байгаа аж. ДЭМБ-ын зүгээс дүүргийн түвшинд зайлшгүй шаардлагатай яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулснаар Мянганы хөгжлийн эрүүл мэндийн 4, 5, 6 дугаар зорилтуудын хэрэгжилтийг хангахад дөхөм болно хэмээн үзэж байгаа юм байна. Монгол Улсын хувьд 2004 оноос эхлэн энэ санаачилгыг амжилттай хэрэгжүүлсэн тул бусад улсад туршлага болохуйц загвар хэмээн уг арга хэмжээний үеэр мэдээлж, манай туршлагаас онцлон танилцуулсан байна. Уг арга хэмжээнд Др. С.Төгсдэлгэр оролцож, Монгол Улсад аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулснаар мэс заслын нас баралтыг 1/3, хүндрэлийг бараг тал хувиар бууруулсан тухай танилцуулаад цаашид дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд энэ тусламжийг бэхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа хийгээд мэс засалд ашиглагддаг хэрэгслийн зардлыг даатгалд бүрэн хамруулах замаар хувь хүний халааснаас төлөх төлбөрийн хэмжээг бууруулах шаардлагатай байгаа талаар танилцуулсан байна.