Жирэмснээ мэдэлгүй улаан бурхны вакцин тариулбал ураг шууд зулбана

2016 оны 5 сарын 16

Улс даяар 18-30 насныхныг улаан бурхан, улаануудын вакцинд хамруулах ажил ид өрнөж буй. Энэ сарын 25 хүртэл үргэлжлэх уг аян олон хүнд янз бүрийн төөрөгдөл, асуулт бий болгосоор байна. “30-аас дээш насныхан хүн биш юм уу. Яагаад заавал 18-30 нас гэж зааглаад байгаа юм бэ”. “Тэгвэл дунд эргэм насны хүмүүс улаан бурхнаар өвчлөхгүй гэсэн үг үү” гэлцэж байна. Улаан бурхны дархлаажуулалт тойрсон асуудлаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Бодлого зохицуулалт, хөгжлийн албаны дарга Б.Сувдаас зарим зүйл тодрууллаа.

-Дархлаажуулалтын явц ямархуу байна вэ?

-Өнөөдөр 09.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 18-30 насны (600 мянга гаруй хүн бий) дөрвөн хүн тутмын нэг нь улаан бурхан, улаануудын вакцин тариулаад байна. Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ аймгийн залуусын 50 хувь нь дархлаажуулалтад хамрагдан, ирц сайн байгаа бол Баян-Өлгий, Завхан, Дорнод Төв аймаг, Улаанбаатар хотод идэвх муу байна. Ялангуяа, хүн ам олонтой, нийслэлчүүд вакциндаа хамрагдахгүй байгаа нь сөрөг үр дагавартай. 18-30 насныхныг вакцинд хамруулахаар улсаас маш их мөнгө зарцуулж байгаа. Хүн бүр иргэний үүргээ биелүүлж, өөрөө өвчлөхгүй, хэн нэгэнд халдвар тараахаас урьдчилан сэргийлж вакцинаа хийлгээрэй.

-30-аас дээш насныханд вакцин хийсэнгүй, ялгавартай хандлаа гэж байна. Энэ талаар тайлбарлаач?

-2015 оны гуравдугаар сараас хойш улаан бурхан туссан хүмүүсийн олонх нь 18-30 насны, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог, бага насны хүүхэдтэй залуу ээж аав нар байна. Тиймээс  Засгийн газрын шийдвэрээр ийм насны хүмүүсийг вакцинд хамруулах нь илүү оновчтой, халдвар тархахаас сэргийлнэ гэж үзсэн.

-Дауны синдром болон аутизмтэй хүүхдүүдэд улаан бурхны тариа хийлгэж болох, эсэхийг олон ээж сонирхож байна лээ?

-Бололгүй яах вэ. Ийм эмгэгтэй ч гэсэн халдвар авч, тарааж чадна шүү дээ. Ямар нэгэн хууч, эмгэг нь хурц, цочмог үедээ байвал вакцин хийлгэхээ түр хойшлуулаарай. Гэхдээ огт хийлгэхгүй гэсэн үг биш. Өвчний хүнд үе өнгөрөөд эм, тариа хийлгэж байсан ч вакцин сөрөг нөлөөгүй. Зарим хүнд халуурах, зүрх дэлсэх шинж тэмдэг ажиглагдаж байгаа ч хариу урвал үзүүлж буй учир айх хэрэггүй.

-Нэг удаа улаан бурхан туссан бол ахин өвчлөхгүй байх насан туршийн дархлаа тогтдог гэдэг. Тэгвэл 18-30 насны, өмнө нь өвдөж байсан хүмүүс хийлгэхгүй байж болох уу?

-Энэ удаа улаан бурхан, улаануудын вакциныг хавсарч тарьж буй учир өмнө нь өвчилж байснаас үл хамаараад бүгд хамрагдах ёстой. Багадаа улаан бурхан туссан хүмүүсийн дархлаа одоо суларчихсан. Тиймээс дахиад тариулахад гэмгүй.

-Жирэмсэн, аливаа өвчин нь цочмог үедээ байх, өндөгний харшилтай, сүүлийн нэг сард өөр вакцин хийлгэсэн хүмүүс дархлаажуулалтад хамрагдаж болохгүй. Тэгвэл жирэмсэн гэдгээ мэдэлгүй тариулчихбал яах вэ?

-Ураг шууд зулбана. Маш аюултай, гаж хөгжил үүсгэдэг. Тиймээс вакцин тариулснаасаа хойш нэг сарын дотор жирэмсэлж болохгүй гээд байгаа юм. Гарч болох хүндрэлээс сэргийлэх үүднээс эмч нар 18-30 насны эмэгтэйчүүдэд вакцин тарихдаа жирэмсэн, эсэхийг нь лавлаж, шаардлагатай бол нарийн шинжилгээ хийлгэж байгаа. Дашрамд хэлэхэд, өрх, дүүргийн эмнэлгүүд, албан газар, их, дээд сургууль гээд улсын хэмжээнд дархлаажуулалтын байнгын, түр, явуулын 930 цэг ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33325
0 эможи
keyboard_arrow_up