Монголд хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн эмч хангалтгүй байна

2016 оны 5 сарын 12

Өнгөрсөн мягмар гарагт "Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвт зөвлөгөөн Туушин зочид буудлын Соёмбо танхимд болж хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар өргөн хүрээнд хөндөж ярилцлаа.

Энэхүү хуралдааныг НЭМГ-ын дарга Ш.Энхбат даргалсан бөгөөд зөвлөгөөнийг нээж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл, НҮБХС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бенес нар үг хэллээ.

ЭМСЯ-ны ЭМБХЗГ-ын дарга С.Энхболд “Өсвөр үеийнхний эрүүл мэнд-сэтгэл зүйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал баримталж байгаа бодлого, чиглэл”, БСШУЯ-ны БЗГ-ын дарга Д.Эрдэнэчимэг “Өсвөр үеийнхний эрүүл мэнд-сэтгэл зүйн чиглэлээр боловсролын байгууллагаас буй бодлого, чиглэл, өнөөгийн байдал, шийдвэрлэх арга замууд” зэрэг илтгэлийг тавьж сонирхуулсан юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиник /ХӨҮК/-т хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгджээ. Үүнээс мэдрэлийн ядаргаа-неврозоор болон төрх үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлэгч хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж, жилээс жилд тоо нь өссөөр байна. Хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүд дунд 15-18 насныхан зонхилж байгааг зөвлөгөөнөөр онцолж байв. Мөн СЭМҮТ-д цахим тоглоомд донтож, хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүд дунд 11-16 насныхан зонхилж байна. Зөвхөн 2015 онд ХӨҮК-т  компьютер болон дэлгэцийн донтолттой 41 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн байна.

Манай улсын хэмжээнд хүүхдийн сэтгэцийн чиглэлээр мэргэшсэн 3 их эмч, 1 нийгмийн ажилтан ажилладаг нь тун хангалтгүй юм. Хүүхдийн сэтгэцийн төрөлжсөн нарийн мэргэжлийн  үйлчилгээ үзүүлэх 30 ор бүхий клиник үйл ажиллагаа явуулж байгаа боловч орон нутагт хүүхдийн сэтгэцийн чиглэлээр мэргэшсэн их эмч одоогоор байхгүй. Мөн хүүхдийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан дутагдалтай байгаа талаар зөвлөгөөнд оролцогчид онцолж байв.

Монгол Улсад өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал жилээс жилд хурцдаж, бүх салбарт яаралтай арга хэмжээ авах болсныг энэ зөвлөгөөнөөр хэлэлцэж даруй арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар нэгдсэн зөвлөмж гаргахаар болов. Тус зөвлөгөөнөөр өсвөр үеийнхний эрүүл мэнд-сэтгэл зүйн тусламж үйлчилгээг тойрсон бүх салбарыг хамарсан өргөн хүрээнд бодит мэдээлэл, судалгааг үндэслэн хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хэрэгжүүлэх зорилтуудын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон нь үр дүнтэй болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33123
0 эможи
keyboard_arrow_up