ДЭМБ: Элэгний өвчлөлтэй тэмцэх нэгдсэн стратеги хэрэгжүүлбэл эмчилгээний зардлыг бууруулах боломжтой

2016 оны 5 сарын 05

Монгол Улс элэгний өвчлөлтэй тэмцэх нэгдсэн стратеги хэрэгжүүлээгүй тохиолдолд 2030 он хүртэл эдийн засагт үүнээс шалтгаалан 2.9 их наяд төгрөгийн хохирол учирна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тооцоолсон байна. Харин нэгдсэн арга хэмжээ авснаар эмчилгээнд зарцуулах мөнгөний хэмжээг хоёр дахин бууруулах боломжтой гэж үзжээ. Ялангуяа эмчилгээний зардал 734 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа нь 72 хувиар буурах бололцоотой гэж дүгнэлээ. Зардал буурахад нөлөөлөх гол хүчин зүйл нь энэ чиглэлийн ерөнхий нэршлийн эм үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэж, эмийн үйлдвэрлэл өсөх төлвөөс ихээхэн хамаарч байгаа аж. Илүү олон хүн оношилгоо, эмчилгээ хийлгэснээр нийт зардлын хэмжээ буурна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас дүгнэжээ. Монгол Улсын хэмжээнд элэгний С вирусын халдвараа оношлуулсан өвчтөний тоо 2012 оны байдлаар 60 мянга байсан бол жил эмчилгээ хийлгэсэн нь ердөө 200 байжээ. Мөн шинээр жилд 1300 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ үзүүлэлт 2024 онд гэхэд 31 мянга 200 болно гэж таамаглаж байна. Элэгний С вирусын халдвар нь элэгний архаг үрэвсэл, элэгний хатуурал болон элэгний хорт хавдар үүсэх шалтгаан болдог.

 

Энэ оны байдлаар эмчилгээнийх нь зардал хувийн эмнэлгүүдэд улсынхаас хоёр дахин өндөр байгаа юм. Тухайлбал улсын эмнэлэгт нэг өвчтөн элэгний эмгэгт 1.3 сая төгрөг, хорт хавдрын эмчилгээнд 1.8 сая төгрөг зарцуулж байгаа аж. Харин хувийн эмнэлэгт элэгний эмгэгт 2.7 сая төгрөг, хорт хавдрын эмчилгээнд жилд 3.7 сая төгрөг дунджаар зарцуулдаг байна. Мөн элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардал хувийн эмнэлэгт 69.8 сая төгрөг болж байгаа аж. Оношилгооны зардал улсын эмнэлэгт 84 орчим мянган төгрөг байгаа бол хувийн эмнэлэгт 167 орчим мянган төгрөг байна. Гэхдээ ойрын 15 жилийн дотор оношилгооны зардал 20 хувиар буурах төлөвтэй гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дүгнэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32693
0 эможи
keyboard_arrow_up