Төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг үнэгүй эмчилж байна

Япон улсын “Зүрх хамгаалах төсөл” төрийн бус байгууллага манай улсад сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, зүрхний катетер эмчилгээг 536 хүүхдэд хийжээ. Эмч нарын баг төрөлхийн зүрхний гажиг өвчнийг оношлохоос гадна эмчилгээ хийдэг бөгөөд 21 аймгийн хэмжээнд нийт 5278 хүүхдэд оношлогоо хийгээд байгаа аж. Уг ажлын хүрээнд энэ сарын 1-4-ний өдрүүдэд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд сонгогдсон 20 хүүхдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийж байна. Тодруулбал, Япон эмч нар жилдээ хоёр удаа хувийн зардлаараа Монголд ирдэг бөгөөд эхний удаад оношлогоо хийж, эмчилгээнд хамрагдах ёстой хүүхдүүдийг сонгон дараагийн удаад эмчилгээгээ хийдэг аж. Дашрамд дурдахад, эмчилгээний зардал тухайн хүүхдийн өвчний байдлаас хамаарч өөр байдаг бөгөөд дунджаар нэг хүүхдийн 1300 ам.доллар орчим өртөгтэй байдаг аж.









