Эрүүл мэндийн салбарт Хэн, Юу хэлэв?

2016 оны 5 сарын 04

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн ажиллагсад санаатай болон санамсаргүйгээр хүний амь нас, эрүүл мэндийг хохироовол 2-8 жил хүртэлх хугацаанд хорино гэсэн заалт оруулж өгсөн.

 

Энэхүү заалтыг эсэргүүцэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр эмч нар мэдэгдэл гаргаад байсан юм. Уг асуудлаар Хэн, Юу хэлсэн талаар хүргэж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Эмч нар хуулиа сайн судлаагүйгээс ойлголтын зөрүү гараад байна

Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлээгүй бол” гэсэнтэй холбоотойгоор хуулийн төсөл нарийвчлагдаж орсон. Энд ойлголтын зөрүү, төөрөгдөл байна. 2002 оны эрүүгийн хуульд “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эмчлэх үүргээ биелүүлээгүй бол гэмт хэрэг гэж үздэг” гэсэн заалт бий. Эрүүл мэндийн салбарынхан одоо батлагдаж байгаа хуульд бидэнд ямар үүрэг хүлээлгэж байна вэ гэдэгт л санаа зовох ёстой юм. Эрүүгийн хууль эрүүл мэндийн салбарыг зохицуулдаггүй. Энэ хуулиар бусдын амь бие, эрүүл мэндийг хамгаалдаг.

Эрүүгийн хуулийн ялын бодлого нь эрүүл мэндийн салбарын бодлого биш. Энэ бол санаатай, болгоомжгүй, эсвэл үйлдэлдээ санаатай боловч үр дагавартаа болгоомжгүй холимог гэмт хэрэгт ялын ямар бодлого байх вэ гэдгийг тодорхойлдог хууль юм. Эмч нартай холбох юм бол хуулийг хүлээсэн эрх үүргээ биелүүлээгүй үед л хэрэгжидэг. Эмч хүн үүргээ биелүүлэхгүй байна гэдэг нь өөрөө санаатай гэмт хэрэг. Тиймээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд одоо хуулиа мэдэж, үүргээ ухамсарлах ёстой. Хуулиа сайн судлаагүйгээс ойлголтын зөрүү гараад байна.

/24tsag.mn/

Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар: Эмч, эмнэлгийн мэргэжилтэнд чиглэсэн ялын ийм өндөр хэмжээ олон улсад байхгүй

Манайд ажлын ачаалал ихтэй гэмтэл, мэс засал, эх барих зэрэг хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Эмч, сувилагч нар гэхэд бараг өдөр бүр 2,5-4 цагаар илүү ажилладаг гэсэн судалгаа ч гарсан. Гэсэн хэдий ч урамшуулал нэмэгдлийг төсөв хүрэхгүй нэрээр өгдөггүй, зөвхөн ээлжинд хонож ажиллах хуваарьтай хүмүүстээ л нэмэгдлээ хагас дутуу өгдөг жишээтэй. Гэсэн хэдий ч эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдийн сонгосон мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс. Иймээс бид энэ удаагийн Эрүүгийн хуулийн шинэчлэлээр орсон эмч эмнэлгийн мэргэжилтнийг санаатай бусдыг хохироосон гэж үзэж өндөр ял оноохоор хуульчилсныг цаг үеэ олоогүй буруу шийдвэр гэж үзэж эсэргүүцэж байна.

Хуулийн өөрчлөлтөөр эмч эмнэлгийн мэргэжилтнийг хүний эрүүл мэнд амь насыг хохироосон гэж үзэж 20-80 сая төгрөгөөр торгоно гэвэл ийм төлбөрийг орон байртай нь байраараа барагдуулах нь. Цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд ажиллаж амьдарч байгаа монгол хүн ийм хэмжээний төлбөрийг барагдуулж чадахгүй. Хамгийн хатуу хуультай Хятад улс ч энэ төрлийн үйлдэлд ердөө гурван жилийн ял оноодог юм байна.

/Өдрийн сонин 2016.04.30/

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа: Эмч нарын алдааг зөрчлийн хуулиар шийдэх ёстой

Эмч нарын ажлын байрны алдаа дутагдлыг зөрчлийн хуулиараа зохицуулах ёстой. Гэтэл одоогийн энэ хууль, тогтомжоор бол эрүүгийн хууль руу яваад орчихож. Энэ бол гажуудал. Эрүүл мэндийн яам салбар дотроо асуудлаа шийдэх ёстой. Салбар дотор асуудал шийдэгдэхгүй бол Эрүүгийн хууль руу орж болно. Гэхдээ эхлээд салбарынхаа  байнгын тогтвортой үйл ажиллагаатай хариуцлагын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Хуулиар далайлгаж асуудлыг шийднэ гэдэг хамгийн буруу шийдэл. Ийм буруу шийдлээр эмч нарыг айлган сүрдүүлэх үйл ажиллагаа явуулаад байхаар өөрсдийнхөө хүчин чармайлтыг 100 хувь гаргахгүй. Зөвхөн хэрэгт орохгүй, арьсаа хамгаалах төдийхнөөр ажиллах болно.

/Өглөөний сонин 2016.04.27/

Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дэд дарга Ч.Нарантуяа: Ажиллах нөхцөлдөө тохирохгүй хуулийг Монгол Улс мөрдөх гэж байгааг эсэргүүцэж байна

Улаан бурхан өвчний дэгдэлтийн өнөө үед эрүүл мэндийн салбарын бүх эмнэлгүүд шалаараа дүүрэн хүүхдүүд хэвтчихсэн, эмнэлгүүд маш их ачаалалтай орчин нөхцөлд ажиллаж байна. Ийм байхад нөхцөлдөө тохирохгүй хуулийг Монгол Улс мөрдөх гэж байгааг эсэргүүцэж байна.Тиймээс ч энэ хуулиа эргэн харж, засч залруулахыг УИХ, Засгийн газар, холбогдох байнгын хороод, Хуульзүйн яам, Эрүүл мэнд спортын яамдад хандан мэдэгдэж байна. Арван мянган эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гарын үсэг бүхий шаардлагыг холбогдох хүмүүст өнөөдөр албан ёсоор гадуулж өгнө. Салбарын яам нь улс төржиж, сайд нь байн байн солигдсоноос болж өнөөдөр Монгол Улсад ийм хууль батлагдчихаад байна. Тиймээс түр хороо, эмч ажилчдын зүгээс улс орон даяар хамтын тэмцэл зарласанаа албан ёсоор мэдэгдэж байна.

/newsmongolia.mn/

Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ө.Анхболд: Дугаар хүлээж байгаа хүн үхэж байна, энэ бидний буруу юу

Хүнийг санаатайгаар алсантай адилаар яллаж байгаа нь арай л хатуудсан. Ер нь ийм хууль байж болно. Гэхдээ орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгчихсөн бол бид үүнийг эсэргүүцээд байх шаардлагагүй. Орчин бүрдчихсэн стандартынхаа дагуу ажлаа хийж байгаа бол бид алдаа гаргахгүйгээр өөртөө итгэлтэй ажлаа хийнэ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын орчин нөхцөл бүрдээгүй, эрүүл мэндийн даатгалын байж байгаа царай нь ямар байгаа билээ.  Одоогийн байдлаар нэг эмчид ноогдох ачаалал ерөнхийдөө олон улсын түвшинтэй харьцуулахад 3-4 дахин хэтэрсэн байгаа.

-Алдаа гардаггүй салбар гэж байхгүй. Алдаа гаргах ёсгүй улсын бодлого авч яваа өндөр албан тушаалтнууд алдаа гаргаж байгааг харж л байна шүү дээ. Улс орноо ломбарданд тавиад туучихсан. Өөрсдөө ханаж хагаралтаа баяжчихсан байна. Эдгээр хүмүүс яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Хүн болгон тангараг өргөдөг. Тухайлбал, Цагдаа, УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт бүх хүмүүс тангараг өргөж байхад ганцхан эмч тангарагтай юм шиг хандахаа болих хэрэгтэй.

/newsmongolia.mn/

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, Их эмч О.Баатарчулуун: Ялыг нь эдлүүлж байгаа бол ямбыг нь ч эдлүүл

Жишээ нь би, Эрүүл мэндийн салбарт 14 жил ажиллачихсан, нарийн мэргэжлийн эмч болохын тулд 10 жил сурсан хүн. Ингэж сурсныхаа хүчинд сард 700 мянган төгрөгний цалин авдаг. Үүнийг шинэ Эрүүгийн хуулинд дүйцүүлж бодвол, би 10 жил хоол ч идэхгүй, унтаж амрах ч үгүй ажиллаж байж нэг удаа алдаа дутагдал гаргасныхаа төлбөрийг төлж барагдуулна гэсэн үг. Энэ нь амьдралаас тасарсан хууль болсныг харуулж байгаа юм.

Эрүүгийн хуулийг чангатгаж, эмч нарыг нийгэмд аюултай зандалчингууд, гэмт хэрэгтнүүд болгож харагдуулж байгаа нь өөрөө маш буруу алхам. Үндсэндээ дээрх шийдвэрийг нөхцөл байдлыг огт мэдэхгүй хүмүүс л гаргалаа гэж үзэж байна.

/mgl21.mn/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32636
0 эможи
keyboard_arrow_up