Улаанбурхан өвчний 17 мянга 357 тохиолдол бүртгэгдээд байна
Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 25-ны байдлаар улаанбурхан өвчний 17 мянга 357 тохиолдол бүртгэгдсэн байна. Гэхдээ долоо хоногийн үзүүлэлтээр нь харвал сэжигтэй тохиолдол илрэх давтамж нь буурсан талаар Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар мэдээллээ. Өвчлөл 0-8 сартай болон 15-29 насны хүүхэд, залуучуудын дунд өндөр хэвээрээ байгаа аж. Мөн тархалт нь Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод өндөр байна. Засгийн газраас одоогоор иргэдийг вакцинжуулахын тулд НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нэмэлт вакцин оруулж ирэхэд зориулж 948 сая төгрөгийн хөрөнгө гаргасан байна. Энэ ажил 5 дугаар сарын нэгнээс хийгдэх ажээ. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвд 350 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж суурилуулаад байна.