Улаанбурханаас сэргийлэх А амин дэм хүүхэддээ уулгаарай
Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг ирэх тавдугаар сараас Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд уулгана. Жил бүрийн тав болон арваннэгдүгээр саруудад А аминдэмийг бага насны хүүхдүүдэд өгдөг бөгөөд зургаан сараас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай /цэнхэр өнгөтэй/, нэг наснаас таван настай хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг /улаан өнгөтэй/ уулгадаг.
А амин дэм нь хүүхдийн дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой бөгөөд лууван, улаан хулуу, туна загас, манжин, буурцаг, загас өндөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдэд их хэмжээтэй агууллагддаг. Витамин А дутагдсанаас бож хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, арьс хуурайших шинж тэмдэг илэрдэг. Мөн сонсгол болон амтлах үнэрлэх мэдрэх мэдрэмж сулардаг байна.