Улаанбурханаар өвдсөн, сүүгээр хооллодог хүүхдийн ээжүүдэд цалинтай чөлөө олгоно

2016 оны 4 сарын 19

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах зорилгоор 453.9 сая төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдлийн сангаас гаргаж, 7 нэр төрлийн дархлаа дэмжих эм, бэлдмэл авах тогтоол гаргасан талаар ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 59 хүүхэд улаанбурхан өвчний улмаас эндсэн байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн амралтын өдрүүдэд ХӨСҮТ-д ажиллаж, өчигдөр буюу энэ сарын 18-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн яам болон ХАХНХЯ-нд улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, дархлаа дэмжих эм тариагаар ХӨСҮТ болон орон нутгийн эмнэлгүүдийг хангах чиглэл өгсөн байна. Үүний дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нэн яаралтай хуралдаж, тогтоол гаргасан байна. Хүүхдүүдийн дийлэнх нь улаанбурхан өвчнөөс гадна бусад хавсарсан өвчний улмаас эндэж байна. Одоо худалдан авахаар төлөвлөөд буй 7 нэр төрлийн дархлаа дэмжих эм, бэлдмэл нь улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах төдийгүй хавсарсан өвчний хүндрэлийг арилгах бүрэн боломжтой хэмээн ХӨСҮТ-ын мэргэжилтнүүд үзжээ. Эрсдлийн сангаас гаргах хөрөнгийг өнөөдөр Сангийн сайдын багцад шилжүүлж, эм тариа худалдан авах, эмнэлэгүүдэд хүргүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна хэмээн С.Эрдэнэ сайд хэллээ.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Эм, бэлдмэлийг хэзээнээс нийлүүлж эхлэх вэ?

-ЭМСЯ-наас эм импортлогч аж ахуйн нэгжүүдтэй урьдчилан тохиролцсон байгаа. Хөрөнгийг шилжүүлсэн тохиолдолд шууд ажлаа эхлүүлэх болно.

-Улаанбурханы дэгдэлт юуны улмаас ийм их газар авсан шалтгааныг тогтоосон уу?

-Улаанбурхан өвчин өмнө нь гарч байсан ч ингэж их өргөн тархаж байгаагүй. Судалгаанаас үзэхэд уг өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 80 хувь нь эхийн сүүгээр хооллодоггүй байна. Эхний сүүнээс авах дархлаагаа бүрэн нөхөж чадахгүй байгаа тул өвчин тусах магадлал өндөр. Тиймээс улаанбурхан өвчнөөр өвдсөн эхийн сүүгээр бойжиж буй хүүхдийн ээжүүдэд цалинтай чөлөө олгох, ажлын цагийг нь багасгах чиглэл өгсөн. Энэ чиглэлээр ХАХНХЯ, Хөдөлмөрийн яам болон ЭМСЯ ажиллах болно.

-Одоо авах эм бэлдмэл хангалттай хүрэлцэх үү?

-ЭМСЯ-наас гаргасан судалгаагаар одоо авах эм, бэлдмэлийг 3 сар хэрэглэнэ.

-Дархлаа дэмжих эм, бэлдмэл хэдэн төгрөгийн үнэтэй байдаг вэ?

-Дарлаа дэмжих эм, бэлдмэл хамгийн багадаа 160-250 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Энэ хэмжээний хөрөнгийг хувь хүн гаргах боломжгүй тул улсаас мөнгө гаргах болсон.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол" гаргасан. Уг тогтоод дээрх асуудлаас гадна хэд хэдэн арга хэмжээ авахаар тусгасан байна.

Тухайлбал, Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг хүртлэх насны хүүхдийн эрүүл мэндэд хийх үзлэг, хяналтыг энэ оны 7 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд батлагдсан хуваарь, эцэг эхийн дуудлагын дагуу гэрээр зохион байгуулж, товлолын дархлаажуулалтыг долоо хоног бүрийн бямба гаригт шилжүүлэн зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн улаанбурхан өвчний дэгдэлтийн үед ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтны илүү цагийн байгууллагын шатахуун, ариутгал, халдваргүйтгэлд зориулан 982 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж олгохыг Сангийн сайд Б.Болор, Шадар сайд бөгөөд Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нарт зөвшөөрсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31862
0 эможи
keyboard_arrow_up