Улаанбурханы нэмэлт вакцин ирэх сард ирнэ
Улаанбурханы өвчлөл 18-30 насныхан дунд зонхилж байна. Үүнтэй холбогдуулан энэ насны иргэдийг вакцинд хамруулах зорилгоор Засгийн газар 948 сая төгрөгийн хөрөнгө гаргаж, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан улаанбурхан өвчний нэмэлт вакцин захиалсан байна. Энэ вакциныг тавдугаар сарын 1-нээс оруулж ирэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна Халдварт өвчин судлалын үндэсний төвд 350 сая төгрөгийн техник, тоног төхөөрөмж суурилуулж эхлээд байна. Тухайлбал нэг инкубатор, хяналтын 12 монитор, амьсгалын 4 аппарат зэргийг суурилуулснаар эмчилгээнд шаардагдах тоног, төхөөрөмж дутагдахгүй гэж үзэж байгаа юм. Үүний зэрэгцээ улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдсэний улмаас 24 цаг тасралтгүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн цалинг тооцож, цаг тухайд нь олгож байх үүргийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад өгсөн талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.