Халдварт өвчин хандалтын мэдээ

2014 оны 5 сарын 19

Улсын хэмжээнд амбулаторид хандаж үйлчлүүлэгсдийн 5,1% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон нь олон жилийн дундаж түвшинд байна. Эмнэлгүүдээс ирүүлсэн 53 сорьцод шинжилгээ хийхэд томуугийн вирус илрээгүй байна. Улаанбаатар хотод 10 төрлийн цочмог халдварт өвчний 203 тохиолдол бүртгэгдсэнээс салхин цэцэг, гар хөл амны өвчин, цусан суулга, шар, хоолны хордлого зонхилж байна. Өнгөрч буй 7 хоногт 5-р сарын 12-нд буяны ажилд оролцсон хүмүүс хоолны хордлого болсон байна. Нийт 53 хүн оролцсоноос 30-д нь хордлогын шинж тэмдэг илэрч, 15 хүн эмнэлэгт хандаж ирсэнээс 9 нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Судалгаа, шинжилгээнд хамруулсан хүмүүсээс 14-д нь хоолны хордлого үүсгэгч 1-2 төрлийн нян илэрсэн байна. Уг үйл явдалд 10-аад төрлийн хоол хүнс хэрэглэсэнээс хордлого үүсгэсэн гол хүнс нь нийслэл салат байсан байж болзошгүй. Нийслэл салат идсэн хүмүүсийн өвчлөл, салат идээгүй хүмүүсийнхээс 4 дахин өндөр байсан байна. Нийслэл салат хийж бэлдээд хөргөгчид хийлгүйгээр хонуулж хэрэглэсэн байна. Эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал сайжирч байна. Хачигт хазуулсан гэж 28 хүн хандаж үйлчлүүлсэн нь өнгөрсөн 7 хоногийнхоос 9-ээр цөөн байна.  ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд 963 хүн хандаж үйлчлүүлсэнээс 62,7% нь урьдчилан сэргийлэх болон сайн дураар ханджээ. Нийт үйлчлүүлэгчдээс 45-д нь бэлгийн замаар дамжих халдвар илэрч, тэдэнд хавьтлын судалгаа хийж, эмнэлгийн хяналтад авч, эмчилгээнд оруулсан байна. Улсын хэмжээнд явагдаж байгаа ХДХВ,БЗДХ-ын тандалтын судалгаа 90,6%-тай явагдаж байна. Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 197 хүн хандаж үйлчлүүллээ. Үндэсний хэмжээнд явагдаж байгаа сүрьеэгийн тархалын судалгааны явцын танилцуулгын хавсралтаар хүргэж байна. Дархлаажуулалтын Үндэсний зөвлөгөөний бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Үндэсний зөвлөгөөний үеэр Монгол улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон гэсэн батламжийг ДЭМБ-аас хүлээж авна. Энэ бол Монголын ард түмний эрүүл мэндийн томхон баярт үйл явдал болохуйц ач холбогдолтой юм. Дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэх гэж буй уушигны хатгааны эсрэг 13 цэнт вакцины захиалгыг НҮБ-ын Хүүхдийн санд захиалга өгсөн байна. MERS-CoV-ийн халдварын тархалт хүрээгээ тэлж Саудын Арабаас гадна, АНУ-д 2, Ливанд-1, Нидерландад-1, Иорданд-2 бүртгэгдсэн байна. Нийт 572 тохиолдлоос 173(30%) нас барсан байна. Гвинед гарч байгаа Эбола цусархаг халууралтын 238 тохиолдлоос, 171 нас барсан, 480 хавьтал хяналтанд байна. Хятад улсад гараад байгаа шувууны томуугийн А(H7N9) вирусын халдвар 435 тохиолдол бүртгэгдэж, 159 нас барсан, одоогоор жаахан намжсан байдалтай  байна. 
   Иргэдэд анхааруулж, зөвлөмж болгоход: 
-    Тэмбүү, сүрьеэ өвчнөөс сэрэмжлэх, өөрсдийгөө хамгаалахад онцгой анхаарах. 
-    Хүүхдүүдийн дунд салхинцэцэг, гар хөл амны өвчин, цусан суулга зонхилон тохиолдож байгаа учир эцэг эх, хүүхдийн байгууллага анхаарах хэрэгтэй.
-    Хоолны хордлого үе үе дэгдэлт байдлаар гарч байна. Одоо төгсөгчид хонхны баяр гээд бөөнөөр хооллодог, хүүдийн амралт зуслангууд, амралтын газрууд, жуулчны баазууд удахгүй ажиллаж эхэлнэ, хөдөөгүүр явж хийдэг улиралын чанартай ажлууд эхэлнээ. Энэ үед хоолны хордлого, хордлогот халдвараас сэрэмжлэх нь зүйтэй.
-    Хачигт хазуулах нь багасаж байгаа ч, дараагийн анхаарах зүйл бол сая ичээнээсээ гарч ирээд, боррелиоз эсвэл энцефалитын халдвартай цус сорж халдварлагдсан хачиг одоо хүн хазвал боррелиоз, энцефалитыг халдаах аюултай байдаг юм байна. Иймээс хачгаас сэрэмжлэхээ бууруулж болохгүй юм байна. 
-    Амралт, аялал, жуулчлалын улирал ойртож байгаатай холбогдуулж, олон улсын хэмжээнд гарч байгаа халдварт өвчний талаарх мэдээлэлтэй байнга танилцаж, аялах, жуучлах асуудлаа төлөвлөх, товлохдоо анхаарч үзэхийг зөвлөе.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3157
0 эможи
keyboard_arrow_up