Гурван дүүрэгт тус бүр 4 гемодиализын аппарат суурилуулна

2016 оны 4 сарын 13

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд үндсэн чиглэлийн дүгнэлттэй холбоотой Үндэсний аудитын газрын дарга А.Зангадын дүгнэлтийг сонсов. Уг дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуудлыг тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, "Эрүүл мэнд, спортын салбар сайдгүй болоод удаж байна. Өнгөрсөн оны үндсэн чиглэлд тусгасан зорилтуудаас гадаадад явж эмчлүүлэх урсгалыг зогсооно гэсэн төлөвлөлт үр дүнд хүрсэнгүй. Хөвсгөл аймгийн иргэд гэхэд орон нутагтаа гемодиализийн аппаратад орж чадахгүй байна. Энэ аппаратаар нийт эмнэлгийг хангах бололцоо байна уу" гэсэн асуудлыг лавлахад ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, "Одоогийн нөхцөлд 39 төрлийн эмчилгээг гадаадад хийлгэх нь зайлшгүй байгаа юм. Намайг сайд байхад энэ тоо 33 байсан. Эмчилгээний тоо ийн нэмэгдсэн нь эмчилгээ оношилгоо сайжирсан, өвчний нэр төрөл олширсонтой холбоотой. Зүрхний хэм алдалтын мэс заслыг Монголдоо хийдэг болж байна. Ингэснээр гадаадад хийдэг эмчилгээ үйлчилгээний тоо нэгээр цөөрлөө гэсэн үг. Цаашид манай иргэд дотооддоо оношилгоо эмчилгээнд хамрагддаг байх бодлого үргэлжлэн хэрэгжинэ. 

Одоогийн байдлаар 8-9 аймаг ийм аппараттай болсон. Аппаратад орох зайлшгүй шаардлагатай иргэдийн тоо цөөнгүй байна. Иймд нийт эмнэлгийн удирдлагуудтай уулзаад, нэгдүгээр эмнэлгийн орон тоог нэмж, гемодиализийн аппаратыг гурван ээлжээр ажиллуулахаар болсон. Түүнчлэн 12 аппаратыг 3 дүүрэгт тус бүр дөрвийг тавихаар ярьж байна. Налайх дүүрэгт гурвыг суурилуулсан ч төсөвт урсгал зардал нь суугаагүйгээс ажилд ороогүй байж байна. Нэг удаа аппаратад ороход 120 мянган төгрөг байдаг. Долоо хоногт 3 удаа аппаратад орно гэвэл өртөг өндөртэй эмчилгээ болж байгаа юм. Иймээс цаашид бөөрний архаг дутагдалтай өвчтнүүдийг аппаратад оруулна гэхээс илүүтэй олон улсын жишгийн дагуу бөөр шилжүүлэн суулгах чиглэл рүү эмчилгээ үйлчилгээний хандлагаа чиглүүлэх ёстой" гэсэн хариултыг өглөө.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбоотой санал дүгнэлтээ тус байнгын хороо  Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31515
0 эможи
keyboard_arrow_up