“Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр авах эмийн жагсаалтад оруулах ажлын хэсэг байгуулагдлаа
Өнгөрөгч долоо хоногт элэгний вирусын эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй авах эмийн жагсаалтад оруулсан. Одоогоор иргэдэд хүлээлт үүсгээд байгаа “Харвони” эмийг мөн тус жагсаалтад хэзээ оруулах нь тодорхойгүй байгаа юм.
АНУ-д 94 мянган ам.доллараар зардаг энэ эмийг монголчууд 1200 ам.доллараар авч байгаа. Гэхдээ энэхүү эмийг нийт өвчлөгчдийн 10 хүрэхгүй хувь нь худалдан авах чадвартай байгаа аж. Тиймээс С вирусийн халдварыг эмчлэх тусламж үйлчилгээний болон эмийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тушаал өнгөрсөн сарын 31-нд гарсан. Ажлын хэсэгт Эрүүл мэнд, спортын Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын болон сангийн яамны мэргэжилтнүүдээс гадна салбарын ТББ-уудын төлөөлөл багтсан байна. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг 2016 оны төсвийн тодотголын өмнө танилцуулахыг Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатад үүрэг болгожээ.