“ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИДЭВХЖҮҮЛЬЕ” СЭДЭВТ СҮРЬЕЭГИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 5-ны өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд “Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний зөвлөгөөн болж байна. Уг үндэсний зөвлөгөөн нь хоёр өдөр үргэлжилэх бөгөөд бүх орон нутгийн шийдвэр гаргах түвшиний эмч,удирдлагууд зэрэг нийт 100 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөний үеэр ХӨСҮТ-ийн эмнэлэгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг “Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний асуудал шийдвэрлэх зөвлөгөөний өнөөгийн байдал, мөрдөгдөх журам” сэдвээр, ХӨСҮТ-ийн СТСА-ны дарга П.Янжиндулам “Монгол улс дахь Сүрьеэгийн өнөөгийн байдал”, Д.Мөнхжаргал “Монгол улс дахь эмэнд тэсвэртэй сүрьеэгийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.
Мөн Глобал сангийн сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ганзаяа ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх шинэ санхүүжилтийн талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө. Энэ үеэр орон нутгийн эмч нар асуулт асууж, мэргэжилтнүүд хариулт, зөвлөгөө өглөө. Тус зөвлөгөөнөөр Нийслэлийн дүүргүүд болон аймгуудын туршлагаас судлахаас гадна тулгамдсан асуудлаар тодорхой шийдвэр, зөвлөмж гарах юм байна.