УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ТАЛААР САЛБАРЫН ХҮМҮҮС ХЭН,ЮУ ХЭЛЭВ?

2016 оны 3 сарын 29

Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн улаанбурхан өвчний дэгдэлт газар авч тавдугаар сард зургаан сартайгаас зургаа хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын  эсрэг вакцинаар дархлаажуулсан.

 

Тиймээс нэмэлт дархлаажуулалт хийх шаардлагатай байгааг ЭМЯ-ны ТНБДарга С.Ламбаа Ерөнхий сайдад танилцуулж байсан. Тэгвэл энэ асуудлаар эрүүл мэндийн салбарт ХЭН, ЮУ ХЭЛСЭН талаар хүргэж байна.

Эрүүл мэнд, спортын яамны ТНБДарга С.Ламба: Засгийн газар Улаанбурханы нэмэлт вакцинжуулалт хийхэд 948 сая төгрөг шийдэж өгсөн

Улаанбурхан, томуу, томуу төст өвчний дэгдэлт нэг цаг хугацааны давхцалтайгаар өндөр байна. Томуу,томуу төст өвчин, улаанбуурхнаас сэргийлэх заавар зөвлөмж, нийтэд зориулсан зурагт хуудсыг маш их хэмжээгээр хэвлэж тараасан. Мэдээллийн хэрэгслүүдээр өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд давтамжтайгаар хүргэсэн.  Гэхдээ улаанбурхан бол нэлээд хүндрэлтэй байгаа. Ялангуяа 0-8 сартай хүүхдүүдэд маш хүн тусч байна. Гэтэл 0-8 сар нь вакцинд хамрагддаг нас биш. 18-аас дээш насныхан маш их халдвар авч байгаа. Хүндэрч байгаа. Яагаад гэвэл энэ хүмүүс чинь вакцинд хамрагдаагүй улсууд гэсэн үг шүү дээ. Тийм учраас Засгийн газар Улаанбурханы нэмэлт вакцинжуулалт хийхэд 948 сая төгрөг шийдэж өгсөн. /Өдрийн сонин 2016.03.24 №067/

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Вакцин хийлгээгүй л бол халдвар авна 

Шинэ төрсөн хүүхдэд есөн сар, хоёр настайд нь улаанбурханы вакцин хийдэг. Тиймээс одоогийн байдлаар вакцины насанд хүрээгүй есөн сар хүртэлх нярай, мөн өмнө нь дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй дунд насныхан илүү өвчилж байгаа юм. Бидний судалсанаар, есөн сар хүртэлх хүүхэд нийт өвчлөгсдийн 11 хувийг, харин 18-30 насныхан  62 хувийг эзэлж байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 70 гаруй хувь нь энэ хоёр насныхан байгаа биз. Тиймээс эхний ээлжид 18-30 насныхныг дархлаажуулалтад хамруулъя гэсэн. Дархлаажуулалтад л хамруулж байж өвчлөл буурна. Шинээр төрсөн хүүхдээ вакцинд хамруулдаггүй, хайнга эцэг эх олон байна. Уг нь тэд иргэний үүргээ биелүүлээд бүрэн хамруулчихсан бол 18-30 насныхан ингэж олноор халдварлахгүй. Ер нь вакцин хийлгэсэн байдлыг харахад 90-95 хувийн хамрагдалттай байна. 1995 оноос хойш жил бүр вакцинд хамрагдаагүй таван хувьд багтах хүмүүс цугларсаар байгаад дархлаажуулалтгүй хүний бүлэг үүсчихэж байгаа юм. Одоо бол тэд л халдвар аваад байна. Вирусийн довтлох, халдварлах чадвар нь маш өндөр. Халдвартай хүн чиний дэргэд суугаад босоход л вирус халдварлана. Бас вирус маш “ухаантай”. Вакцин хийлгээгүй л бол хэн ч түүнийг найрч, аргалж, зугтаж бултах боломжгүй. Тэгэхээр вакциндаа л сайн хамрагд. Вакцин хийлгээгүй байсны уршиг өнөөдөр биш гэхэд дараа жил, таван жилийн дараа гарч байгааг  ухаарах хэрэгтэй. Одоо ирэх вакцинд 18-30 насныхан өөрсдөө гүйж очоод хамрагдах хэрэгтэй. ХӨСҮТ хүнээ олж, араас нь хөөцөлдөж хамруулна гэвэл нэмээд л бөөн зардал мөнгөөс эхлээд асуудалтай.  /Ардын эрх № 115 2016.03.23/

ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд дарга М.Тунсаг: Улаанбурхан өвчин 

Хүүхдээ халдвар авсан гэж үзэж байвал нэн түрүүнд өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй. Улаанбурханаар өвдөөгүй байж манай эмнэлэг дээр хүрээд ирэх юм бол тэр хүн өөрөө халдвар авах эрсдэл маш өндөр байна. Дүүргийн эмнэлэгт хандаад эдгэрэх явдал их байна. Харин хамгийн сүүлийн шатанд хүрсэн өвчтөнийг манай эмнэлэг хүлээн авч байгаа. 2015 оны 6 сард зургаан сараас зургаан настай хүүхдүүдийг бид вакцинд хамруулсан. Өнөөдрийн байдлаар бид 70 мянган тун вакцин аваад 50 мянган вакциныг хийсэн. Халдвар всан хүмүүийн хувьд ихэнхи нь идэр насны залуучууд байна. Тодруулж хэлвэл манайд хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөний 70 гаруй хувь нь энэ насны залуучууд байна. Дээрх өвчилсөн хүмүүс гэртээ байгаа хүүхдүүддээ халдвар тараах эрсдэлтэй. Яагаад гэвэл  залуучууд маань олны газраар их явж байгаа. Үүнээс гадна вакцинд хамрагдах нас нь болоогүй 0-8 сартай хүүхдүүдийн дунд энэ өвчин маш их тархах үзэгдэл их байна. Дүүргийн эмнэлэгт хатгаа тусаад хэвтсэн хүүхдүүд давхар улаанбурхан өвчнөөр өвдөөд хүндэрч ирэх тохиолдол их байна. Улаанбурхан өвчнийг дөнгөж эхэлсэн үед нь өрх, дүүргийн эмнэлэг эмчилж чадвал манай эмнэлгийн ачаалал харьцангуй бага болно. Хүүхдүүдийг ер нь урьдчилан сэргийлэх вакцинд заавал хамруулах ёстой. 9 сартай болон 2 настай хүүхдэд энэ вакциныг хамруулах ёстой. Хамрагдаагүйгээс болоод хүүхдүүд халдвар авах, хүндрэх тохиолдол их гарч банйа. Мөн хүүхдүүдээ олны дунд үзвэр, кино театраар дагуулж явахгүй байх, гэртээ олон хүн цуглуулахгүй байх, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх гэх мэт арга хэмжээг авах хэрэгтэй. / С1 телевиз Цензургүй яриа 2016.03.28/

 

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбурхны дэгдэлт нэмэгдсэн тохиолдолд “ор дэлгэнэ”

Одоогоор 14496 Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс лаботориар оношлогдсон  нь 2491. Бүртгэгдэж буй халдварын 70  орчим хувийг 0-9 сартай хүүхэд, 18-30 насны идэр залуучууд эзэлж байна.

Манай ачаалал энэ сард үнэмлэхүй байдлаар нэмэгдсэн.  Яаралтай тусламж, хүлээн авах тасгаар өдөрт 400 гаруй өвчтөн ирж үйлчлүүлж байна. Өчигдрийн байдлаар л гэхэд өвчтөнүүдээс  328 тохиолдол нь Улаанбурхан байх жишээтэй. Үүнээс Улаанбурханы сэжигтэй байснаас 60 орчим нь буцаж, 68 нь эмнэлэгт хэвтсэн. Үлдсэн 260-270 тохиолдол нь хөнгөн хэлбэрийн Улаанбурхан гэж оношлогдож, гэрийн нөхцөлд өрхийн эмчийн хяналтан дор эмчлэхээр зөвлөгөө өгч явуулсан. Өдөр бүр ийм маягаар ажлаа  зохицуулж байна.

Одоогоор манайх амболуторийн эмч нараа татаж, зарим хэсгийг мөн хэвтэн эмчлүүлэгчдийн өрөө болгон ашиглаж байна. Ээлжийн ажилтануудаа эмнэлэг дотроосоо зохицуулж байгаа. /Emch.mn2016.03.22/

 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгаль: Улаанбурхан өвчний дархлаа тогтоогүй хүмүүсийн бөөгнөрөл үүссэн байгаа

Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед нийт тохиолдлын 5-10 хувьд нь эндэгдэл бүртгэгддэг гэсэн судалгаа байдаг. Улаанбурхан өвчнөөр бага насны хүүхэд илүү өвддөг. Мөн бага насны хүүхдүүд их хүндэрч орж ирдэг. Яг өнөөдрийн байдалд улирал их нөлөөлж байна. Одоо амьсгалын замын халдварын үе эхэлчихсэн. Улаанбурхан өвчин эхлэхдээ урьдал үе гэж байдаг. Хүмүүс улаанбурхан өвчнийг халуурч, туурдаг гэдгийг мэддэг. Гэтэл ингэж халуурч туурахаас өмнө нусгайрах, ханиалгах, нүд үрэвсэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Иргэд үүнийг нь мэдэхгүй томуу гэж андуураад хүндрүүлдэг. Үүнээс гадна суурь өвчтэй хүүхдүүдэд энэ өвчин их амархан хүндэрч байна. Тэгэхээр эцэг, эхчүүд хэрэв хүүхдэд нь ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол Өрхийн эрүүл мэндийн төвдөө очиж шинж тэмдгийн эсрэг эмчилгээгээ эртхэн авах хэрэгтэй. /Mnb.mn 2016.03.17/

 

Сэтгүүлч: ХӨСҮТ: Гуравдугаар сар гарснаас хойш ХӨСҮТ-ийн ачаалал дээд цэгтээ хүрсэн

Улаанбурханаар өвдөгсөд 4-5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг тул өвчтөнүүдийн сэлгээ харьцангуй хурдан хийгддэг гэнэ. Тиймээс ч өнөөдөртөө ХӨСҮТ эл ачааг дангаараа нуруун дээрээ үүрчээ. Гэвч өвчний дэгдэлт цаашид саарахгүй бол ор дэлгэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгийг тус эмнэлгийнхэн онцолж байв.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 426 өвчтөн хандсаны 328 Улаанбурхан өвчний шинж тэмдэгтэй хандаж, 68 нь хэвтэж, 260 хүнд гэрээр зөвлөгөө өгч явуулжээ. 409 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 15 нь сэхээн амьдруулах эрчимт тасагт хэвтэж байна. Өвчлөлийн насны хувьд 33 хувийг 15-29 насныхан, 15 хувийг 0-8 сартай вакцин тариулах нас нь болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Хүүхдийн сэхээн амьдруулах тасаг нь 10 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 17 хүүхэд хэвтэж байна. Заримдаа хүүхдийн тоо 20 хүрэх ч тохиолдол бий гэнэ. Энэ өвчний тархалт буурахгүй байгаа тохиолдол улс орон даяараа тэмцэж, хувь нэмрээ оруулдаг байна. /Zaluu.com 2016.03.22/

Сэтгүүлч: Улаанбурхан хяналтнаас гарсан уу: 

Манай сонин гуравдугаар сарын 14-ний өдрийн дугаартаа ХӨСҮТ-ээс хийсэн сурвалжлагад улаанбурхан өвчнөөр найман хүүхэд эндсэн тухай мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 10 гарчихжээ. Тээж төрүүлсэн үрээ алдана гэдэг тэсч, тэвчиж барахгүй зовлон байх нь гарцаагүй. Харамсалтай нь цаашид ч хэчнээн ээж, аавын элгийг эмтэлж энгэр нь эзгүйрэхийг хэлж мэдэхээргүй нөхцөл байдалтай байна. Тиймээс нэмж хүүхэд эндэх вий гэсэн айдас, өвчний тархалт буурах хандлага байгаа болов уу гэдэг горьдлого тээсээр ХӨСҮТ-ийг дахин зорилоо. Хэвлэлээр улаанбурханы тархалтыг хяналтаасаа алдсан гэж мэдээлж байгаа. Харин үүнийг тус эмнэлгийн удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ өдөрт тус төвд улаанбурханы шинж тэмдэг бүхий 350-400 хүн хандаж, 50-60 нь хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Энэ тоо улаанбурханы  тархалт хэр байгааг илтгэх  баримт биз ээ. Түүнчлэн Монгол Улсад бусад халдварт өвчин устаад, ганцхан улаанбурханаар хүмүүс өвчлөөд байна уу гэмээр нөхцөлд ХӨСҮТ ажиллаж байна. Эмнэлгийн хашааны үүдэнд байрлах нэг байрны ар, баруун талын хаалгуудыг бүгдийг нь зөвхөн улаанбурханыг оношлоход зориулжээ. Менингит, гахайн хавдар, салхинцэцэг, вируст хепатит гэсэн бичигтэй хаалганд ч улаанбурхантай өвчтнүүдийг хүлээн авч байв. Эмнэлгийн цонхон дээр өвчний тархалт их байгаа учраас олуулаа бөөгнөрч зогсохгүй байх, мөн амны хаалт зүүхийг анхааруулсан бичиг наажээ. Хүмүүс олноор бөөгнөрөхөөс сэргийлж байгаа бололтой, нөгөө талаас дугаарлан зогсох олон хүнийг зохицуулахаар эмнэлгийн ажилтан гадаа ажиллаж, тэднийг нааш цааш нь хуваарилж байв. Халдварт өвчний тархалтын  үед өвчтнийг үзэх өрөө тасалгаа нь гаднаас шууд ороод буцаж гарах зохион байгуулалттай байдаг. Тиймээс бусад клиник шиг шууд хүлээн авахаар орж үйлчлүүлэх боломжгүй гэдгийг тайлбарлаж байлаа. Эмчид үзүүлэхээр дугаарлах хүмүүсийн дунд нялх нярайгаас эхлээд сургуулийн сурагч, оюутан, насанд хүрэгсэд гээд бүх насныхан байлаа. Олзуурхууштай нь өндөр настан харагдсангүй. /Ардын эрх № 115 2016.03.23/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30765
0 эможи
keyboard_arrow_up