Ж.Чинбүрэн: Элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэгүй хийнэ

2016 оны 3 сарын 29

Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, ходоод, нойр булчирхайн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэнтэй ярилцлаа.

-Хавдар судлалын үндэсний төвд  Энэтхэгийн “JAVPEE” эмнэлгийн элэгний мэс заслын эмч нар ирж иргэдэд үнэгүй үзлэг хийж, лекц уншсан. Үүнээс яриагаа эхлэе?

-Хавдар судлалын үндэсний төв үйл ажил­лагаа­ныхаа томоохон хэсэг болгон зонхилон то­хиолдож буй хорт хавдраас урьдчилан сэргийлэх, өвчний талаар зөв мэдээлэл өгөх зорилгоор сар бүр лекц уншдаг болж байна. Энэ ажлын салхийг хагалж Элэг, цөс, ходоод, нойр булчирхайн тасаг маань Энэтхэгийн “JAVPEE” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч Абидид Чаудхарийг урьж эхний лекцээ уншууллаа.

Учир нь бид энэ оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн “JAVPEE” эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийх юм. Тиймээс манай элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонд лекц уншиж, сургалт зохион байгуулсан. Мөн Хавдар судлалын үндэсний төвд цаашид элэг шилжүүлэн суулгахад юу хэрэгтэй байгааг газар дээр нь үзэж, хэрэгтэй тоног төхөөрөмж, шаардлагатай эм тариаг хэлж өгсөн.

Бид гадаад эмч нартайгаа хамтраад иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийлээ. Найман эмч гурав хоногт элэгний асуудалтай 160 хүнийг үзсэн. Дараа нь хоёр өдөрт 80-аад хүн үзсэн гэхээр нийтдээ 240 гаруй хүнийг үзэж, зөвлөгөө өглөө. Энэ ажлаараа бид нийгэмдээ, хэсэг хүнд ч болов буян болж байгаа юм.

-Нийт үзүүлсэн хүмүүсээс хэд нь элэгний асуудалтай байв?

-Үзүүлж байгаа таван хүн тутмын нэг нь элгэндээ хүнд асуудалтай байна. Энэ нь элэгний хатуурал нь гүнзгийрчихсэн, эмчилгээ хийхгүй бол тухайн хүний амь насанд заналхийлсэн гэсэн үг. Эсвэл хатууралтай мөртлөө хавдартай болсон байна. Энэ өвчин нь аюултай байдалд байгааг харуулж байгаа юм.

-Нэгэнт оношоо тогтоолгосон иргэдийг хаана эмчлүүлэхийг зөвлөж байна. Монголдоо эмчлэх боломж байна уу?

-Бидний туйлын зорилго бол нэг ч болов монгол иргэн байгаа бүхнээ зараад, хүний нутагт очиж аврал эрж битгий яваасай гэж хүсч байгаа юм. Бид дэлхийн эмчилгээг Монголдоо хийдэг болохыг зорьж байна. Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэг шилжүүлэн суулгаж байгаа. Таван жилийн хугацаанд 23 хагалгааг Солонгосын АСАН-ы багтай хамтарч хийсэн. Энэ бол одоогийн хагалгаа хийлгэх хэрэгцээ шаардлагатай харьцуулахад маш бага тоо юм. Өнөөдөр манайд жилд элэгний хавдраар оношлогдож байгаа 2000 хүний 150 нь шууд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байна.

Дэлхийд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэж байгаа хүмүүсийн 60-70 хувь нь элэгний хавдар, элэгний хатуурал хавсарсан байна. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн хамгийн гол эмчилгээний нэг зэвсэг элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүй болчихоод байна. Бусад төрлийн бүх хагалгаа, эмчилгээг бид хийж байгаа. Одоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг болчихвол гадагшаа урсаж байгаа мөнгөний урсгалыг багасгах юм. Нөгөөтэйгүүр гадаадад үнэтэй эмчилгээнд бүхнээ зарж байгаа хүмүүсээ бид хайрлах ёстой. Үүний тулд хийж болох бүх л эмчилгээг Монголдоо хийдэг болмоор байна.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааг танайх ямар үнээр хийх вэ?

-Бид үнэгүй хийх гэж байгаа. Хавдар судлалын үндэсний төв гурван жилийн хугацаанд 20 хагалгааг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн. Энэ хагалгаа өртөг өндөртэй. Гэхдээ бид иргэдээсээ дэмжлэг, туслалцаа авъя гэж бодож байна.  Бидэнд БСШУЯ, Шинжлэх ухаан технологийн сангаас 400 сая төгрөгийг энэ төслийг хэрэгжүүлээч гэж өгсөн. Мөн эмнэлэг маань ч төсвөө шавхая гэж байна. Нэг хагалгаа хийхэд зөвхөн багаж, хэрэгсэлд хамгийн багаар 50-60 сая төгрөг зарцуулдаг. Гэхдээ ийм өндөр зардалтай ч, үр дүн нь гайхалтай. Өнөөдөр элэг шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн 70-80 хувь нь 10-аас дээш жил амьдрах боломжтой юм. Тэгэхээр хүн элгээр үхэхгүй байх боломж олгох юм. Энэ бол анагаах ухааны том ололт. Энэ ололтыг бид Монголдоо нутагшуулах хэрэгтэй байна.

-Элэгний хатуурлаар хэдэн насныхан илүү өвчилж байна?

-Ид хүний хийж бүтээдэг 45-55 насныхан байна. Жинхэнэ боловсроод, нийгмийн үнэт зүйл болсон үедээ тэр хүн хөдөлмөрийн чадваргүй болж байгаа нь харамсалтай. Хүүхдийг сургуульд сургахад улс хэчнээн төгрөг зарж байна. Гэтэл бид эрдэнэс, алт, баялгаас илүү үндэсний боловсон хүчний нөөцөө алдаж байгаа нь нийгэмд асар их хохиролтойг ярих ёстой. Одоо эрүүл мэндийн асуудлыг эдийн засагтай холбох хэрэгтэй. Жилд 500 гаруй сая ам.доллар эрүүл мэндийн тусламж авах зорилгоор Монголын зах зээлээс гадагш гарч байна. Тэгэхээр бид эрүүл мэндийн салбараа бэхжүүлж, хөгжүүлэхийн төлөө хөрөнгө оруулалтаа зөв хийвэл энэ их мөнгийг хэмнэх боломжтой.

-Хагалгаа хийлгээд урт удаан амьдрах боломжтой гэж байна. Ер нь элэг эргэн төлжихөд нас нөлөөлдөг үү?

-Элэг шилжүүлэн суулгахад нас чухал биш. Тухайн элэгний өөрийнх нь чанар их чухал. Хатууралтай юу, үгүй юү гэдгээс элэгний нөхөн төлжих чадвар хамаарна. Тухайлбал, янз бүрийн осолд орж нас барсан 70 настай хүний элгийг авч 20 настай залууд суулгахад сайн ажилласан.

-Сүүлийн үед элэгний С, В вирусын үнэтэй эм орж ирээд байгаа. Энэ эм хэр үр дүнтэй байна?

-С вирусын эм 95 хувийн магадлалтай эмчилж байна. В вирусын эмчилгээ вирусын идэвхжилийг дараад, элэг гэмтээх нөлөөллийг нь багасгаж байна. Вирусыг бүрэн устгаж чадахгүй ч нөлөөлөл сайн байгаа. Хэрэв таны элэг хатуураагүй, вирусын халдвартай байвал вирусын эмчилгээ хийнэ. Тэгээд зургаан сар хяналтад байна. Ямар нэг сэжигтэй зүйл гарвал үнэтэй шинжилгээ хийлгэх шаардлагатай.

Би эмч хүний хувьд Монголд Хармони эм орж ирснээр эмч, өвчтөнүүдийнхээ өмнөөс баярлаж байгаа. Монголд тохиолдож байгаа В вирусыг эмчлэх магадлал 95 хувиас дээш байна. Энэ бол өндөр магадлалтай, үр дүнтэй. Өмнө нь хэрэглэж байсан интерферон, рибавириний эмчилгээг бодоход гаж нөлөө бараг байхгүй. Зарим хүний толгой жаахан өвдөх, ядарч байна гэхээс ажлын чадвар алдагдаж байгаа юм алга. Сарын дараа гэхэд элэгний үрэвслийн үзүүлэлтүүд бууж байна. Америкийн иргэн энэ эмчилгээг авахын тулд 90 мянган ам.доллар, Францад 50 мянган евро байх жишээтэй. Солонгосууд энэ эмийг хэрэглэхийн тулд эмийн компанитай 30-40 мянга байх уу гэдэг дээр хэлэлцээр хийж байна. Тэгэхэд манай Засгийн газар, ЭМСЯ, ТББ-уудын оролцоо, дэмжлэгтэйгээр сарын хэрэглээ нь 400 мянга төгрөг байхаар авсан нь боломжийн үнэ юм. Гэхдээ дундаж орлоготой хүний хувьд үнэтэй байгаа нь ойлгомжтой. Үүний тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалаас даадаг болчихвол бүр шилдэг болох юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Р.Оюун

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30763
0 эможи
keyboard_arrow_up