Улаанбурхан өвчинтэй тэмцэхийн тулд тэрбум төгрөг зарцуулна

2016 оны 3 сарын 24

Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын түр үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тэрбээр тус төвийн үйл ажиллагаатай танилцахаас гадна өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн байгаа Улаанбурхан өвчний талаарх мэдээллийг авч нөхцөл байдлыг газар дээрээс нь харж үзэж, салбарын зүгээс цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаа эмнэлгийн удирдлагуудтай ярилцав.

Гуравдугаар сар гарснаас хойш ХӨСҮТ-ийн ачаалал дээд цэгтээ хүрсэн. Учир нь Улаанбурхан өвчнөөр өвчилсөн иргэд олширч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо орны тооноос хэд дахин хэтэрсэн. Сүрьеэгийн хүлээн авах клиникээс бусад бүх клиниктээ Улаанбурханаар өвчлөгсдийг хүлээн авч, эмчилж байна.

Улаанбурханаар өвдөгсөд 4-5 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг тул өвчтөнүүдийн сэлгээ харьцангуй хурдан хийгддэг гэнэ. Тиймээс ч өнөөдөртөө ХӨСҮТ эл ачааг дангаараа нуруун дээрээ үүрчээ. Гэвч өвчний дэгдэлт цаашид саарахгүй бол ор дэлгэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгийг тус эмнэлгийнхэн онцолж байв.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 426 өвчтөн хандсаны 328 Улаанбурхан өвчний шинж тэмдэгтэй хандаж, 68 нь хэвтэж, 260 хүнд гэрээр зөвлөгөө өгч явуулжээ. 409 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 15 нь сэхээн амьдруулах эрчимт тасагт хэвтэж байна. Өвчлөлийн насны хувьд 33 хувийг 15-29 насныхан, 15 хувийг 0-8 сартай вакцин тариулах нас нь болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Хүүхдийн сэхээн амьдруулах тасаг нь 10 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 17 хүүхэд хэвтэж байна. Заримдаа хүүхдийн тоо 20 хүрэх ч тохиолдол бий гэнэ. Энэ өвчний тархалт буурахгүй байгаа тохиолдол улс орон даяараа тэмцэж, хувь нэмрээ оруулдаг гэнэ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2014 оны зургаадугаар сард манай улсад “Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг гардуулан өгч байв. Үүнээс жил орчмын дараа Улаанбурхан өвчин манай улсад дэгдэж багагүй сандаргасан бол энэ жил эл үзэгдэл дахин давтагдаж байна. Ганц манайд гэлтгүй дэлхийн олон улс оронд энэ өвчний дэгдэлт их байгаа бөгөөд нас баралт нь тодорхой хувьтай байгаа ажээ.

Д.Нямхүү: 18-30 насныхан вакциндаа идэвхтэй хамрагдаарай

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Эмч нар ачаалал ихтэй цаг наргүй ажиллаж байна. Мэргэжсэн эмч нар тоотой байдаг. Захын эмнэлгээс дайчлаад хүний төлөө ажиллуулах нь ховор. Хүүхдийн эмчийн тухайд сайдын тушаал гараад эмчилгээний зөвлөх баг, эдийн засгийн зөвлөх баг тархвар судлалын зөвлөлийн баг гээд гурван том баг ажиллаж байна. ЭМЯ болон засаг төрөөс цаг алдалгүй дэмжлэг туслалцаа үзүүлэж байгаад талархаж байна. Манай эмч нарын хувьд үүсээд байгаа хүндрэлийг давж гарах боломжтой, хүчин чадал ч бий. Хамгийн гол нь иргэд маань нийлж дархлаажуулалтын хувийг өндөр болгох шаардлагатай. Тиймээс вакцинд хамрагдах насныхныг идэвхтэй байгаарай гэж уриалъя. Дархлаа авсан хүн 18-20 жил дархан хамгаалагддаг судалгаа байгаа. Дэлхий дахинд вакцинжуулалтаар л энэ өвчнийг хамгаалж сэргийлнэ, таслан зогсооно. Манай дээр ачаалал их ч зохион байгуулалт сайтай ажиллаж байгаа эмч нарынхаа илүү цагийнхаа мөнгийг цаг тухайд нь өгөх юм бол урамшина. Энэ хүсэлтийг сайдад уламжилж байна. Хамгийн гол хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөв мэдээлэл өгөх нь чухал байна. Түүнчлэн манайхаас иргэдэд зөвлөмж гаргана” гэв.

Ц.Оюунбаатар -Засгийн газар ЭМСЯ-наас авч хэрэгжүүлж байгаа халдварт өвчин, Улаанбурхан өвчний дэгдэлтийн үед авч хэрэгжүүлж байгаа ажлыг танилцууллаа. Хангалтгүй дутуу хэрэгжиж байгаа зүйл, хөрөнгө санхүүгийн хувьд дутагдалтай ямар хүндрэл байна. Анхаарал хандуулах яамны зүгээс нэн даруй шийдвэрлэх зүйл байна уу.

Д.Нямхүү - 350 саяын шууд худалдан авалтын хурдан шуурхай хийх шаардлагатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хандаж иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэхэд тодорхой зардал хэрэгтэй. Зориулсан сурталчилгаанд тодорхой гэрээгээр ажилладаг юм билээ. МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт болон гишүүн Б.Бат-Эрдэнэ Д.Сарангэрэл нар ирсэн. Тэд тодорхой дэмжлэг үзүүлнэ гэсэн. Одоогийн байдлаар нэмж яаран хэлэх зүйл алга. Бензин, унаа гээд урсгал зардлын асуудал бий. Манай эмч, сувилагч жолооч, үйлчлэг нар маш сайн шаргуу ажиллаж байгаа. Тиймээс урсгал зардлынх нь асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна.

Ц.Оюунбаатар -Улаанбурхан өвчний эсрэг Засгийн газар, ЭМСЯ-наас холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа. Эмнэлгийн ачаалал асар их 450-иад хүн хэвтэж байна. Энэ өвчний дэгдэлт тархаж байгаа гол шалтгаан нь вакцинд хамрагдаагүй 18-30 насны залуучууд байна. Өөрсдөө тээгч болоод бага насны хүүхдүүдэд халдааж байна. Тиймээс Засгийн газраас тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж дээрх насны залуусыг тавдугаар сард багтааж вакцинд хамруулахаар болсон. Олон нийтээр дамжуулан сэрэмжлүүлэг, зөвлөмж тараах ёстой хөрөнгө мөнгийг шийдэж өгье. Шаардлагатай бол би урилга хүргүүлье. Өнгөрсөн хугацаанд ЭМСЯ сайд удирдлагагүй байж энэ ажилд алдаа гаргаж, салан задгай хандсан асуудал байхгүй. Оны өмнө 449 дүгээр тушаал гаргаж бүх эмнэлэгт сахилга хариуцлагыг сайжруулах цогц арга хэмжээ авсан. Хамгийн гол нь арга хэмжээнийхээ хэрэгжилтийг тогтмол хянаж байгаа. Онцгой хүнд нөхцөлд ажиллах нөхцөл бололцоо муу. Засгийн газрын хувьд байдаг нөөцөө гаргаж байгаа” гэлээ. Түүнээс гадна иргэд Өрхийн эмнэлэгтээ эхлээд хандахгүй шууд ХӨСҮТ-д ирж байгаа нь хий хоосон ачаалалыг нэмэгдүүлж байна гэв. Нэг өдөр гэхэд 300-400 хүн ирээд ихэнх нь буцаад явдаг байна. Тиймээс иргэдийг Өрхийн эмнэлэг болон дүүргийн эмнэлэгтээ үзүүлж, зөвлөгөө авах нь зүйтэй гэв.

ХӨСҮТ-д Улаанбурханы сайн дурын вакциныг 10 мянган төгрөгөөр хийдэг. Энэ нь Улаанбурхан, гахайн хавдар, Улааннууд өвчнөөс урьдчилан сэргийлэх гуравт вакцин юм. Тухайн өрхийн нэг гишүүн Улаанбурханаар өвчилсөн тохиолдолд өрхийн бусад гишүүд Эрүүл мэндийн хуулийн дагуу үнэгүй хийлгэх эрхтэй. Бага насны хүүхдүүд товлолоосоо хоцорсон ч хийлгэх бүрэн боломжтой. Вакцин хийлгэсний дараа халууралт өгөхөөс өөр сөрөг байдал ажиглагдахгүй юмаа.

О.Сайхан

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30581
0 эможи
keyboard_arrow_up