Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулахыг иргэд хүсэв
Элэгний С вирусын эсрэг "Харвони" эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулж өгөхийг хүссэн иргэдийн төлөөлөл өнөөдөр Хүн ам нийгмийн хөгжлийн яамны төрийн нарийн бичигт шаардлага хүргүүлэв.
Улмаар ХАНХЯ-аас уг эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэж өгөхөө хариу болгон мэдэгдсэн байна. "Харвони" эм нь Монгол Улсад орж ирээд нэлээд хэдэн сар болж байгаа ч элэгний С вирусын эсрэг өндөр үр дүн үзүүлж буй ба эмийг хэрэглэсэн өвчтөнүүд 90 гаруй хувийн эдгэрэлтэй байгаа гэдгийг дэд сайд асан Ж.Амарсанаа хэлж байсан удаатай. Тэгвэл нэгэнт эрэлт хэрэгцээ ихтэй, эдгэрэл өндөр хувьтай байгаа энэ "Харвони" эмийг эрүүл мэндийн даатгалын дагуу хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хамруулж өгөхийг иргэд ихээр хүсч байна.
Иргэдийн энэ санал хүсэлтийг үндэслэн Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар тушаал гаргаж, эрүүл мэндийн даатгалын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр авах эмийн жагсаалтад бүртгүүлэхээр шийдвэрлэсэн байна.