Улаанбурханы вакциныг үнэ төлбөргүй хийж байна
Улаанбурханаар өвчлөгчдийн тоо эрс нэмэгджээ. Тархвар судлалын долоо дахь хоногийн мэдээллээр улсын хэмжээнд 1025 халууралт, 908 тууралтат хам шинж бүхий улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол оношлогдсон байна. Үүний 235 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Дээрх тоог өмнөх долоо хоногтой харьцуулбал, 10 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлтэй гарчээ.
Тиймээс эл өвчинтэй хэрхэн тэмцэж байгаа талаар ХӨСҮТ-ийн Хэвлэл, мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодруулахад “Улсын хэмжээнд нийт 70 мянган ширхэг улаанбурханы өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тарилга оруулж ирсэн. Үүнээс 40 мянган ширхэгийг хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд хуваарилж өгөөд байна. Харин үлдсэн тарилгуудыг дүүргүүдийн өрхийн эмнэлэгт хуваарилж өгсөн” гэлээ. Мөн улаанбурхнаас урьдчилсан сэргийлэх зорилгоор харьяа дүүргийн өрхийн эмнэлэгт үнэ төлбөргүй вакцин хийж байгаа юм байна.
Тус өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь автобус унаа, сургууль зэрэг олон нийтийн газар их явдаг оюутан залуус, дундаж насны иргэд байгаа аж. Өвчлөгсдийг насны хувьд авч үзвэл 0-8 сартай хүүхэд 12 хувь байгаа юм байна.