Эмэгтэйчүүдийн баярыг "Эрүүл нийгмийг эмэгтэйчүүд үлгэрлэнэ" уриан дор тэмдэглэнэ
Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангаас ЛЭОС Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эрүүл нийгмийг Эмэгтэйчүүд үлгэрлэнэ” уриалга гаргаж, энэ өдрийг үндсэн утга агуулгынх нь дагуу тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийв.
Тус сангийн дэргэдэх залуучуудын клубын тэргүүн Б.Болортуяа “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг 1910 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ өдөр дэлхийн эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, сонгуульд оролцох, ялгаварлан гадуурхалтыг арилгах, дайныг эсэргүүцэх зэрэг бусад асуудал дээр өөрийн байр суурь, үзэл болдоо илэрхийлж нэгдэн нийлдэг байсан. Гэтэл өнөөдөр энэ байдал алдагдаж баяр ёслол найр наадам мэтээр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна” гэв.
Тиймээс тус сангийн зүгээс ”Эрүүл нийгмийг Эмэгтэйчүүд үлгэрлэнэ” гэсэн уриан дор Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэхийг уриалж, энэ хүрээнд хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Үүний нэг нь маргааш буюу хоёр сарын 27-нд Blue Sky цамхагт Үндэсний форумыг зохион байгуулах юм байна.
Форумын урилгыг 5000 орчим хувь хэвлэн албан байгууллагуудад тарааж байгууллага хамт олон, гэр бүлийн гишүүн хэн бүхэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг эмэгтэйчүүдээ сонсдог, дэмждэг өдөр болгож, сархад биш сэтгэлийн үгээр бэлэг барихыг уриалж байгаа аж. Түүнчлэн Гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүд гэр бүл, байгууллага хамт олон, нийгмийнхээ дунд хөгжил дэвшил, шударга ёс, эв нэгдлийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, дуу хоолойгоо өргөдөг, үнэт зүйл эрхэм зүйлээ ярилцдаг, үйл хэргээ дүгнэдэг өдөр байхыг тус сангийн төлөөлөгчид уриалав.