Хоолойн өвчний талаар манайхан буруу ойлголттой байдаг
Бага насны хүүхэд болон сурагчдын дунд хоолойн өвчнийг төгс эмчлэхгүй орхидгоос үүдэлтэй зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэл ихсэх болсон. Хэрэх гэдэг нь хоолойн өвчнөөс эхэлж гүнзгийрсээр зүрхийг гэмтээж зүрхний гажиг үүсгэдэг аюултай өвчин юм. Хоолойн өвчин нь “стрептококк” хэмээх нянгаар үүсгэгддэг, цаг тухайд нь төгс эмчлүүлээгүй тохиолдолд хэрэх өвчин болж хүндэрдэг онцлогтой.
Хоолойн өвчнийг төгс эмчлүүлээгүй тохиолдолд 1-5 долоо хоногийн дараа үе мөч хавдаж өвдөх, ядрах, халуурах, арьсан дээр цагирагласан улайлт гарах, арьсан доор зангилаа бий болох зэрэг шинж тэмдэг илэрч улмаар зүрхний хавхлагийг гэмтээх аюултай.
Зөвхөн доороосоо даарсан, хүйтэн юм идэж ууснаас болж хоолой өвддөг гэсэн буруу ойлголт манайханы дунд байдаг. Гэтэл хоолой нь өвдсөн хүний ханиаж, найтаах, ярих үед тухайн өвчний халдвар ойр орчны агаар, эд зүйл, хоол хүнсийг бохирдуулснаар эрүүл хүнд агаар дуслын болон ахуйн замаар дамжин халдварладаг. Өвчлөл нь халуун хүйтэн харших, ханиад томуу хүрэх, агаарын бохирдол, тоосжилт зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй.
Уг өвчнөөр 5-17 насны хүүхдүүд ихэвчлэн өвчилдөг. Тиймээс энэ үед нь л өвчнөөс сэргийлэх мэдлэг дадлага, хандлагатай болгох шаардлагатай. Хоолой өвдөж л байдаг, тэр үед нь эм уугаад, эм цацаад л зүгээр болчихно гэж өвдөж явсаар нас биед хүрээд ид хөдөлмөрлөх насан дээрээ ирэхэд зүрхний болоод үе мөчний өвчтэй нэгэн болдог гашуун туршлага байсаар байна.
Хэрэхийн шалтгаант зүрхний өвчин нь зүрхийг хүндээр гэмтээж, улмаар эцсийн арга хэмжээ нь өндөр өртөгтэй зүрхний мэс заслын эмчилгээнд хүргэдэг.
Хүний амин чухал эрхтнүүдийг барьж өвчлүүлдэг нянгийн гаралтай уг өвчнийг шинжлүүлж, оношлуулаад, шат дараатай төгс эмчилгээ хийвэл бүрэн эдгэрдэг өвчин юм. Гэхдээ ямар ч өвчнийг урьдчилан сэргийлэх нь өвчилсөн хойно эмчлэхээс амар хялбар, хямдхан байдаг гэдгийг л ард иргэд маань сайтар ойлгох хэрэгтэй.
Тийм ч учраас бага насны хүүхдээ эрүүл, аюулгүй байлгаж Хэрэхийн шалтгаант зүрхний өвчинөөс сэргийлэх энгийн бөгөөд өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхүйц бяцхан зөвлөгөөг хүргэе.
1. Гэр бүлдээ амьдралын эрүүл хэв маягийг эзэмшүүлэх нь чухал
Юун түрүүнд хүүхдийнхээ дархлааг сайн байлгахын тулд нойр, хоолны зөв дэглэм баримтлуулан амин дэм, эрдэс бодисоор баялаг шинэ ногоо, жимс түлхүү хэрэглүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, цэвэр агаарыг чухалчлан биеэ чийрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Шүд, амны хөндийг эрүүл, цэвэр байлгах, сод, давстай бүлээвтэр усаар өглөө, оройд хоолойгоо зайлдаг дадалтай болгох, гараа тогтмол зөв угаадаг хэвшилд сургах зэрэг энгийн зүйлсийг ч зөв хэвшүүлж байх нь нэн чухал.
Амьсгалын замаар халдвар авахаас болон бусдад халдварлуулахаас сэргийлж шаардлагатай үед амны хаалт зүүдэг дадалтай болгох, удаан хадгалсан хүнсний бүтээгдэхүүн (хэрэх өвчнийг үүсгэгч нян амархан үржих онцлогтой бүтээгдэхүүн болох хоносон хоол, бялуу, хиам, салад, компот, мах, махан бүтээгдэхүүн) удааж хэрэглэхгүй байвал сайн
2. Цаг алдалгүй эмчлүүлбэл хэрэх өвчнөөс сэргийлж зүрхийг нь хамгаалж чадна.
-Хүүхдийнхээ хоолойг өвдсөн тохиолдолд эмчид яаралтай хандаж, хоолойны арчдасын шинжилгээ хийлгэж гүйцэд эмчлүүлэх
-Хоолойн өвчнөө бүрэн эдгэртэл 2-3 сарын турш хүүхдээ эмчийн хяналтад байлгах нь зүйтэй.
3. Гэр орны нөхцөлд
Гэрийнхээ дотоод, гадаад орчны эрүүл ахуй, ариун цэвэрт анхаарал тавьж, дулааны хэм, агааржуулалтыг тохируулан ариутгалын бодис бүхий чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж хэвших
4. Сургууль, хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд эцэг эхчүүд хяналт тавьж, сайжруулахад анхаарвал зохих асуудлууд:
-Нэг ангид ачааллаас давсан олон хүүхэд байгаа эсэх
-Анги танхимдаа цэвэр агаар тогтмол оруулж, ариутгалын бодис бүхий чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийдэг байдал
-Сургуулийн анги танхимын дулааны хэм эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэх
-Бага ангийнханы үдийн хоол хөтөлбөрийн хэрэгжилт
-Бие засах газар, гар угаалтуурын хүрэлцээ, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэх зэргийг анхаарснаар бид хэрэхийн шалтгаант зүрхний өвчинөөс сэргийлж хүүхдүүдээ эрүүл аюулгүй өсөж торниход тусалж чадна.
Дэлхий дээр хэрэхийн гаралтай зүрхний өвчтэй 15.6 сая хүн амьдарч байгаа бөгөөд, жилд 233 мянган хүн энэ өвчний улмаас хорвоог орхиж байна. Энэ нь ихэвчлэн манай улс шиг хөгжиж байгаа орнуудад элбэг тохиолдож байгаа аж.
Уг өвчний эрсдэлт хүчин зүйлүүд нь ядуурал, ариун цэвэр муу, бохир байх, амьжиргааны төвшин доогуур байх, орон сууцны шигүү хороололд нэг дор олуулаа амьдрах зэрэг нь стрептококкийн халдвар тархах боломжийг нэмэгдүүлдэг байна.