Ж.Амарсанаа: "Харвони"-г хэрэглэснээр элэгний С вирус ор мөргүй устана

2016 оны 2 сарын 22

“Харвони" эмийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс эмийн сангуудаар худалдаалж байгаа билээ. Өмнө нь бүртгүүлсэн С вирустэй иргэд л дээрх эмийг худалдан авах боломжтой гэсэн үг. “Харвони” эмийг Монголд оруулж ирэх санаачилгыг анх НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа Эрүүл мэнд спортын дэд сайд байх үедээ гаргаж байсан. Ингээд “Харвони”эмийн талаар НИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаатай ярилцсанаа хүргэж байна.

-Нэлээд өндөр үнэтэйд тооцогддог “Харвони” эмийг оруулж ирээд багагүй хугацаа өнгөрлөө. Одоогоор ямар эмийн сангуудаар, хэд орчим төгрөгөөр зарагдаж байгаа бол?

-“Омбол” гэж эмийн компани оруулж ирж байгаа. Тэндээс 20-иод эмийн сангаар зарж байгаа ч би нэрсийг нь сайн мэдэхгүй юм. Дэлхийн хэмжээнд энэ эмийг үнэтэй байна гэсэн асуудал ноцтой сэдэв болоод байгаа. Зарим улсад 90 гаруй мянган доллараар зарагдаж байна.

АНУ-д 96 мянган доллар, Европод 50-60 мянган еврогоор зарагдаж байгаа. Тийм учраас үнийн асуудал дэлхийн хэмжээнд хурцаар тавигдаж байгаа нь үнэн. Харин манай улсад харьцангуй хямдралтай үнээр орж ирсэн учраас гайгүй шүү. Гэхдээ монголчуудын худалдан авах чадвартай харьцуулахад үнэтэй санагдаж буй өрх байгааг нуухгүй.

Одоогийн байдлаар гурван сарын курс эмчилгээ нь 1,200 доллар буюу сарын 400 доллар, нэг сарын эмчилгээ нь 800 мянган төгрөгөөр хийгдэж байна. Тийм учраас энэ “Харвони" эмийг даатгалд, зайлшгүй эмийн жагсаалтад оруулъя гэсэн хүсэлтийг ЭМСЯ, ХАХНХЯ-нд тавьсан. Тэднээс ажлын хэсэг гаран ажиллаж байгаа гэсэн. Эмийн үнийг яг хэдэн хувиар хямдруулах, ямар хөнгөлөлт өгөх зэргийн талаар тодорхой хариу авч чадаагүй.
Ямар ч гэсэн Монголд үнэтэй зарагдаж байна гэсэн асуудал гарахгүй байгаа. Үнийн тухайд бууруулах тал дээр өөр үйлдвэрүүд энэ эмийг үйлдвэрлээд ижил төстэй эм гараад ирвэл хоёр дахин хямдрах боломж бий. Одоохондоо ийм маягаар оруулж ирсэн газар байхгүй ээ. Дэлхийд байгаа хамгийн хямдхан эм бол “Харвони”.

Нэг зүйлийг нэмээд анхааруулахад энэ эм зөвхөн С вирусийнх. Гэтэл зарим хүн бусдадаа буруу мэдээлэл өгч В вирусийг бас эмчилдэг гэсэн ойлголт өгөөд байгаа нь өрөөсгөл. Хоёр өөр эм шүү, ялгаж ойлгоорой.

-Өмнө нь бүртгэлийн үеэр эмнэлгүүд нэлээд ачаалалтай байсан. Харин одоо “Харвони” эмийг ууж байгаа хэчнээн хүн байгаа бол. Үр дүнгийн талаарх мэдээлэл байна уу?

-Энэ эмийг өнгөрсөн арванхоёрдугаар сард оруулж ирсэн. Ихэнх хүн cap гаруйн хугацаанд уугаад эхэлсэн. Нийт 1,600 хүн уух ёстойгоос одоогоор 1,200 нь ууж хэрэглэж байна. Зарим нь дөнгөж эхэлж байгаа. Иргэд эмээ ууж дууссаны дараа хяналтын шинжилгээ хийлгэх ёстой.

Одоогийн байдлаар шинжилгээгээ өгөөд үр дүнг нь танилцуулаад явж байгаа. Урьдчилсан байдлаар харахад бараг 100 хувь үр дүнгээ өгсөн байна. Надад үзүүлсэн элэгний С вирустэй хүн болгоны вирус нь 00 болчихсон байх жишээний. Эмчилгээний үр дүн сайн байгаа гэж хэлнэ.

-Зарим тохиолдолд эмийн сөрөг нөлөө илэрдэг. Мөн өөр төрлийн өвчнийг сэдрээх нь ч бий. Эмийн гаж нөлөө гэж бий юу?

-Гаж нөлөө бага. Ганц, хоёр хүний толгой өвдөж байна гэсэн. Мөн цөөхөн хүнд ядрах шинж мэдрэгдсэн гэж байна лээ. Хэрэглэсэн хүмүүсийн ихэнх нь эмийг уугаад “Надад ямар нэгэн сөрөг нөлөө гараагүй” гэж байна. Тэгэхээр 100 хүн тутмын тавд нь л жаахан гаж нөлөө илэрсэн. Түүнээс хортой гаж нөлөө илрэхгүй ээ.

-Элэгний С вирусээ устгуулахаар манайхан гадаад руу явдаг байсан. Харин манай улсад харьцангуй хямдаар борлуулж эхэлсэнтэй холбоотойгоор дээрх иргэдийн тоо буурсан гэх юм билээ. Энэ үнэн үү?

-Үнэн. Манайхан гадагшаа эмчилгээнд явдаг байсан бол одоо эсрэгээрээ гадаадаас эх орондоо ирж эмчилгээнд оръё гэсэн хүсэлт ихээр ирж байна. Ер нь гадаадад байгаа монголчуудыг эмчлэхэд хэцүү.

     Гурван сарын курс эмчилгээ нь 1,200 доллар буюу сарын 400 доллар, нэг сарын эмчилгээ нь 800 мянган төгрөгөөр хийгдэж байна.

Тэр хүмүүс хэрэв эмчлүүлэхээр бол эндээ ирээд, гурван сарын хугацаанд тогтвор суурьшилтай байж эмчлүүлэх шаардлагатай. Түүнээс гадаад руу эмийг нь явуулах, алсын зайнаас эмчлэх ямар ч боломжгүй юм. Яагаад гэвэл заавал хяналтын шинжилгээтэй хавсарч байж үр дүнтэй цогц эмчилгээ хийгдэнэ.

-Харвони эмийг ууснаар элэгний С вирус ор мөргүй устана гэдэгт итгэлтэй байгаа юу?

-Op мөргүй алга болж устана. Харамсалтай нь зарим хүн “вирус алга болохгүй ээ, эргэж гарч ирнэ” гэх зэргээр өвчтэй хүмүүсийн толгойг эргүүлж, сэтгэлзүйгээр нь тоглоод байх юм. Эргэж гарч ирэх, илрэх тохиолдол бий.

Ер нь вирус нь дарагдсан хүмүүсийн 96-98 хувь бүрэн эмчлэгдэж, вирусгүй болно. Цаана нь 2-4 хувьд нь эргэн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Эмийг эмчилгээ болно, вирус бүрэн устана гэж уух ёстой. Түүнээс эргэж гарч ирэх вий гэсэн айдас болгоомжлол үндэслэл дээр уувал зохимжгүй шүү дээ.

-С вирустай иргэдийн 50-иас илүү хувь нь эмийг хэрэглэж байгаа гэхээр нөөцийн хувьд хэр хангалттай вэ?

-Нөөцийн тухайд бараг дуусч байна. Гуравдугаар сарын сүүлчээр бол дараагийн 1,600 хүний эм орж ирэх гэж байгаа. Энэ мэтээр тасралтгүй үргэлжлэн явна. Тиймээс ард иргэд айж сандрах хэрэггүй. Зөв эмчдээ бүртгүүлээд хяналтад эмээ уугаад яваад байвал бүрэн эмчилгээ авах боломжтой. Одоогийн байдлаар гурван сарын эмчилгээ хийлгэж байгаа хүн ч бий. Зарим нь зургаан сарын эмчилгээ ч хийлгэж байна.

-Ямар хүмүүс зургаан сарын эмчилгээ хийлгэж байгаа юм?

-Өмнө нь интервонийн эмчилгээ хийлгээд үр дүн өгөөгүй хүмүүс дахин зургаан сарын эмчилгээнд хамрагдаж байгаа юм. Анх удаагаа С вирусийн эмчилгээнд орж байгаа хүмүүс бол гурван сарын хугацаанд эмчилгээгээ хийлгээд дуусч байна.

-Энэ эмийг хилээр гаргах хориотой гэсэн үү?

-Тийм. Яагаад гэвэл эмийн хууль бус наймаанаас урьдчилан сэргийлэх ёстой. Монголд хямдхан орж ирсэн болохоор бусад улс орон руу дамлагдан зарагдах вий гэсэн болгоомжлол оруулж ирж байгаа эмийн компанид бий. Хэрвээ энэ эмийг хилээр авч гарах юм бол хайрцганд нь мэдрэгч байгаа. Тийм учраас хаана явж байгааг мэдэх бүрэн боломжтой.

-Аливаа ажилд сайн, муу ойлголт байдаг. Түүн шиг эмийн сөрөг сурталчилгаа ч яваад байсан шүү дээ?

-Монголчуудад муу муухай, гаж нөлөө ихтэй эмээр туршилт хийх гээд байна гэсэн мэдээлэл гарсан. Ийм маягаар энэ ажлыг харлуулах ажиллагаа давхар явагдаж байна. Энэ мэдээллээс болоод энэ эмийг уух уу, болих уу гэж эргэлзсэн хүн ч мэр сэр байна. Үүний талаар тодорхой хариултыг өөрийн цахим хуудсаараа дамжуулж өгсөн. Гадаадын нэг иргэн ирээд сөрөг утгатай сонин зүйл ярьчихаад л явсан байна билээ.

Ард иргэдэд зориулж нэг л зүйлийг хэлье. “Харвони эмийг муулаад харлуулаад байгаа хүмүүс өөрийг тань элэгний хавдар туссан үед юмуу, элгээ солиулах гээд хагалгааны ширээн дээр хэвтэж байх үед чинь “Би элгээ өгье” гээд хариуцлага үүрээд ороод ирэхгүй шүү. Тэр үед таныг эмчилж байгаа эмч тань хариуцлага хүлээнэ үү гэхээс хаа байсан гадаадаас ирсэн хэн нэгэн таны эрүүл мэндийг аврахгүй.

Энэ үед үхэл, элгээ өгье гэсэн донор хоёрын асуудал яригдана. Тиймээс зөв сонголтоо хийгээрэй. Юманд буурьтай суурьтай болгоомжтой хандаасай. Захын нэг гудамжны хүний үгэнд итгээд амь нас, эрүүл мэндээрээ битгий хохироорой л гэж хэлье.

-Монголд В, С вирустэй хэчнээн иргэн байна?

-Монголын хүн амын 15 хувь нь С вирустэй, 10 хувь нь В вирустэй гэж үзэж байгаа. Тэгэхээр нийт 25 хувьд нь элэгний В, С вирустэй буюу дөрвөн хүн тутмын нэг нь элэгний В юмуу С вирустэй байна гэж хэлж болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29114
0 эможи
keyboard_arrow_up