Аймгуудын эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдох үүрэг чиглэл өглөө

2016 оны 2 сарын 04

 Дэлхий дахинаа  томуугийн H1N1  вирусээр үүсгэгдсэн  өвчлөл  зонхилж байгаа өнөө үед манай улсад гуравдугаар долоо хоногт нийт 133.802 хүн амбулториор үйлчлүүлсний 6.781 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.  Үүнээс уушигны үрэвсэл ба  амьсгалын замын  цочмог хүнд  халдварын шалтгаантай  эмнэлэгт хэвтэгсэд  10-15 хувийг эзэлж байна.  Тиймээс өнөөдөр  Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд 21 аймгийн Эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газрууд, ХӨСҮТ-тэй “Цахим”-аар нэгэн зэрэг холбогдож  цаг үеийн мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өглөө.  

    Ихэнх аймгуудын хувьд томуу, томуу төст өвчний өвчлөл их, алсын дуудлага ихэссэн талаар мэдээлж байлаа. Мөн өвөлжилт хүндэрсэн аймгуудад  отроор өвөлжиж байгаа малчин ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд хамгийн тулгамдаж байгаа асуудал нь  Эмнэлгийн түргэн тусламжийн машины асуудал байв. Өвөрхангай аймгийн хувьд салхин цэцэг өвчин ихсэх хандлагтай өнөөдрийн байдлаар 28 хүн  өвчлөөд байгаа бол, томуугийн өвчлөл Сүхбаатар аймагт хамгийн өндөр амбулторийн үзлэгийн 10-аас дээш  хувийг эзэлж,  дүүргүүдийн хувьд  Багахангай  дүүрэг  есөн хувьтай байна.  

 Цахим хурлын үеэр анх удаа сумдаас Увс аймгийн Баруунтуруун сум  холбогдож  эмнэлгийн түргэн тусламжийн машиныхаа асуудлаа шийдвэрлүүлэв.

     Ийнхүү бүх аймаг, дүүргүүдтэй  цахимаар холбогдож мэдээлэл  авсны дараа Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлэхдээ “Цаг хугацаа, зардал хэмнэсэн  бие биедээ  мэдээллийг нэгэн зэрэг  шуурхай дамжуулсан  алхамыг хийж чадлаа.  Ихэнх аймаг сумдын хувьд эмнэлгийн тендер хоцорч байгаа, мөн эмнэлгийн тусламж үйлчилгээний автомашины асуудал яригдаж байна. Энэ онд салбарын төсөвт түргэн тусламжийн машиныг шийдвэрлэхэд зориулж нэг ч төгрөг батлагдаагүй учраас ойрын хугацаанд асуудал боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж байна. Саяхан Улсын онцгой комиссын хуралдаанд оруулж Засгийн газрын нөөц хөрөнгөөс 20 автомашины асуудлыг   шийдвэрлэж орон нутагт хүргүүлээд байна” гэсэн юм.

     Мөн энэ үеэр  уламжлалт сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан эмнэлгийн тусламж үлйчилгээнд онцгойлон анхаарч, ялангуяа сар шинийн амралтын өдрүүдэд  хүнд өвчтөн, төрхийн хяналтанд байгаа  эхчүүдэд  анхаарлаа хүчтэй хандуулах, эмнэлэг хооронд шилжүүлэхдээ чирэгдүүлэхгүй байх, шаардалагтай тохиолдолд  эмч нарын зөвлөгөөнийг шуурхай зохион байгуулах,  төрөлжсөн том эмнэлгүүдээс  хөдөө орон нутаг, алслагдсан хүн амд  үзүүлэх алсын дуудлагын үйлчилгээний  бэлэн байдлыг хангах, шатахууныг хангалттай хэмжээгээр нөөцлөх, нийтийг хамарсан  хордлого, осол гэмтэл  халдварт өвчний дэгдэлт  болон эмнэлгийн  тусламж үйлчилгээний  ноцтой алдаа зөрчил  гарсан үед ЭМСЯ-ны хариуцлагатай жижүүрт шууд мэдээлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ, амьсгалын замын дутагдалтай өвчтөнүүдэд шаардлагатай эм бэлдмэл, аппарат, тоног төхөөрөмж, вирусийн эсрэг  эмийн нөөцийг нэмэгдүүлэн  ажиллахыг үүрэг  болгов.

    Мөн  Эрүүл мэнд, спортын сайдын гаргасан  “Сахилга хариуцлага”-ыг сайжруулах 449 дүгээр тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг сануулж, бидний хариуцлагаас  ихээхэн зүйл шалтгаалах болохыг  анхааруулсан юм.  2016 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан  хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлэн үйл ажиллагаагаа  явуулах нь та бидний хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаална гэдгийг  Цахим хурлын төгсгөлд хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28595
0 эможи
keyboard_arrow_up