НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН суурин төлөөлөгчтэй уулзав
ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенесийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эрүүл мэнд, спортын яам нь НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилласаар ирж заншсан. Цаашдаа ч хамтран ажиллаж гол нь үр дүн гарах үндсэн зарчим баримтлан ажиллах болно гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Л.Ламбаа онцлон хэллээ.
Роберто Бенес цаг зав гарган уулзаж байгаад талархаа илэрхийлээд, өнгөрсөн жилийн хугацаанд хамтран ажиллах төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг дүгнэхэд ялангуяа эх хүүхэд, өсвөр үе, хоол тэжээлийн асуудалд онцгойлон анхаарч ажилласаны үр дүнд тодорхой ахиц дэвшил гарлаа. Цаашид нярайн, өсвөр насны хүүхдэд эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх тал дээр түлхүү анхаарлаа хандуулан ажиллах болно. Энэ сарын 25,26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Агаарын бохирдлыг бууруулах “ олон улсын хуралд дэмжлэг үзүүлж оролцохыг хүсээд, хуралд Хүүхдийн сангийн бүсийн захирал өөрийн биеэр ирж оролцохыг дуулгалаа.
Уулзалтын төгсгөлд өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа ч, одоо ч агаарын бохирдолд анхаарлаа хандуулсаар ирсэн. Агаарын бохирдлоос өсвөр үеэ, ирээдүй залуу үеэ хамгаалж эрүүл байлгахын төлөө ажиллах нь цаашид гарах эрүүл мэндийн зардлыг ч хэмнэх гол үндэс нь болно. Удахгүй болох олон улсын энэ томоохон хурлаар агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн хор нөлөө үзүүлж байгаа болоод түүнийг бууруулах талаар томоохон зөвлөмж боловсруулан гаргаж, түүнийгээ Засгийн газрын тогтоол гарган батлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Бид цаашид эхийн сүүгээр хооллох, эх хамгааллын дэмжих орчны талаарх мэдлэгийг сайжруулах, зан үйлийг дэмжихэд болон эхийн сүү орлуулах бүтээгдэхүүний хуулийн төслийг УИХ-аар батлуулахад анхаарч ажиллах болно гэдгийг энэ үеэр С.Ламбаа мэдэгдлээ.