Ж.Амарсанаа: С вирусыг устгаснаар ирээдүйд зарлагдах долоон их наяд төгрөгийг хэмнэнэ

2016 оны 1 сарын 20

Эрүүл мэндийн дэд сайд асан, нийслэлийн ИТХ-ын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Манай улсад харвони эмийг оруулж ирээд хагас сар боллоо. Монголчууд элэгний хавдар, өвчлөлөөр дэлхийд толгой цохиж байгаа энэ үед дээрх эмийг оруулж ирсэн нь цагаа олсон төсөл боллоо гэж талархах хүмүүс олон байна. Төслийг санаачлагчийн хувьд юу хэлэх вэ?

-Бид Монгол Улсад элэгний өвчлөлийг бууруулах хамгийн том чухал алхмуудаа хийчихсэн гэж боддог. Одоо гол өвчлөл нь элэгний хорт хавдар, хатуурал байгаа нь иргэдийг амь насаа алдахад хүргэж буй гол шалтгаан юм. Энэ шалтгааны 90-95 хувь нь элэгний В, С вирус байдаг. В вирусийн хувьд 20-оод жилийн өмнө маш том алхам хийсэн нь дөнгөж төрж байгаа бүх хүүхдэд вирусийн эсрэг вакцин хийх болсон явдал. Мөн В вирусийг эмчлэх гол эмүүдийг Мон голд оруулаад ирчихсэн. Тиймээс В вирусийг одоо гийн шинжлэх ухааны хийж чадаж байгаа хамгийн дээд зэргийн урьдчилан сэр гийлэх болон эмчлэх бүх боломжоор хангаж, бусад өндөр хөгжилтэй орны хэмжээнд хүрсэн гэж ойлгож болно. С вирусийн хувьд бид хоёр жилийн өмнө гэхэд өндөр хөгжилтэй улс орноос нэг шат хоцорч байсан бол одоо зэрэгцээд алхаж байна. Миний нэг баярлаад байгаа зүйл нь юу гэхээр, өмнө нь хамгийн орчин үеийн эмчилгээ манай улсад орж ирэх гэж доод тал нь арван жил болдог байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй. Өндөр хөгжилтэй улс оронд хийж, хэрэгжүүлээд хэчнээн жил болсны дараа Монголд оруулж ирдэг байсан. Энэ удаа тэгсэнгүй. Төслийн багийнхан маш шуурхай ажилласны үр дүнд харвони эмийг Эрүүл мэндийн яам бүртгэж аваад, одоо 1000 гаруй хүнийг эмчилгээнд хамруулаад явж байна.

-Элэгний мэргэжилтнүүд С вирусийг эрт илрүүлж, эмчлэх нь эдийн засгийн хэмнэлтийг авчирна гэж үздэг. Үүнд та тооцоо судалгаа хийж үзсэн үү?

-Харвони эмийг эмчилгээнд нэвтрүүлсэн нь ирээдүйд Монгол Улсын төсвөөс асар их мөнгө хэмнэх боломж юм. Дээр нь олон хүнийг нас барах аюулаас хамгаалж чадна. Би тооцоо хийж үзсэн. Ер нь элэгний С вирустэй иргэдийн 20-оод хувь нь буюу таван хүний нэг нь элэгний хатуурал, хорт хавдраар нас бардаг. Монголд барагцаагаар 450 мянга гаруй элэгний С вирустэй хүн байна гэж бодоход, үүнээс 90 мянга нь элэгний өвчнөөр нас барах аюултай. Тэгэхээр 90 мянган хүнд элэг шилжүүлэн суулгахад нэг хүнийг 85 сая төгрөгөөр үржүүлэхээр долоон их наядаас илүү мөнгө гарна. Өөрөөр хэлбэл, С вирусийг устгаснаар ирээдүйд зарлагадах долоон их наяд төгрөгийг ард түмнийхээ халааснаас болон эрүүл мэндийн даатгал, улсын төсвөөс хэмнэж чадаж байгаа юм. Эдийн засгийн маш том ололт шүү дээ. Хоёрдугаарт, эдийн засгаас гадна олон хүний амийг аварч байна. Хүний амийг юугаар ч үнэлэх боломжгүй байдагтай адил үнэ цэнэтэй төсөл болсон гэж онцолж хэлмээр байна. Юун Оюутолгой, Тавантолгойгоос ч илүү олон монгол хүнийг аварч чадах ажил болсон. Вирусийн эмчилгээний шинэ шатанд гарч чадсан нь Монгол төдийгүй дэлхийн анагаах ухаанд тод үлдэх том үйл явдал боллоо.

-ХӨСҮТ-ийн эмч нарыг харвони эмийн эмчилгээг нэвтрүүлж эхлэхтэй холбогдуулж тусгайлан сургалтад хамруулсан. Тэгэхээр эмчилгээнд хамрагдаж байгаа иргэд дээрх эмч нарын хяналт дор эмээ ууж хэрэглэнэ гэсэн үг үү?

-Иргэд эхлээд эмчээсээ зөвлөгөө авсны дараа эмийг авч хэрэглэнэ. Борлуулж байгаа эмийн сангийн хувьд “Омбол” компанитай гэрээтэй эмийн сангуудаар борлуулна. Учир нь “Омбол” компани өөрсдийнхөө программ хангамжаар эмийнхээ кодыг эмийн сан руу явуулаад эмийн санч нь өвчтөнийх нь нэртэй таарч байгаа эсэхийг баталгаажуулж байгаа юм билээ.

-Эхний ээлжид С вирусээ тоолуулж, эмчилгээнд яаралтай хамрагдах 1600 хүнд эмийг олгохоор болсон. Гэтэл таны хэлснээр барагцаагаар С вирустэй 450 мянган хүн байна. Тэднийг хэзээнээс эмчилгээнд хамруулах боломжтой вэ?

-С вирустэй олон арван мянган хүн бий. Эхний ээлжид өөрсдийн идэвх зүтгэлээр эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүс байгаа байх. Яваандаа тодорхой хугацаанд эмчилгээ хийсний дараа ямар ч шинж тэмдэггүй, С вирустэй атлаа өөрсдөө тоодоггүй хүмүүсийг эмчилгээнд хамруулах нэлээд хэцүү ажил тулгарна. Тэр хүмүүсийг эмчилгээнд хамруулах гэж гуйгаад ч ирэх үү гэдэг асуудал яригдана. Түүнээс гадна сарын эмчилгээний зардал 800 мянган төгрөгийг төлж дийлэхгүй хүмүүс эмчилгээнээс хоцорно. Үүнийг төр засаг, яам нь анхаараад 100 хувь биш гэхэд 50 хувийг нь хөнгөлөөд өгөх хэрэгтэй. Вирус нь тийм амархан хүнээс хүнд дамжихгүй. Голдуу эмнэлгийн багаж төхөөрөмж, эмнэлгийн нэг удаагийн хэрэгслээр халдвар дамждаг учраас төр засгийн оролцоо байх шаардлагатай. Тухайн үедээ хариуцлага алдсан зүйл байгаа шүү дээ. Эцсийн үр дүнд С вирусийн халдвар эмнэлгүүдээр дамжсан гэдэг нь хөдөлшгүй үнэн учраас эмчилгээнд хамрагдах шаардлагатай иргэддээ хөнгөлөлт үзүүлэх нь төрийн хийх ёстой ажил болов уу гэж харж байна. Төр иргэнээ анхаарах үүрэгтэйгээс гадна өөрөө өвчнийг нь халдаачихсан тохиолдолд бүр эмчлэх үүрэгтэй. Шар өвчний дэгдэлт их байх үед нэг удаагийн зүү, тариуртай байсан нь С вирусийг тараах нөхцөл болсон шүү дээ. Харвони эмийн эмчилгээг тасралтгүй явуулна. Эхний 1600 хүний эмчилгээ дуусах үед дахиад дараагийн эмийг оруулж ирнэ. Тэ гэхээр өвчнийх нь явц харьцангуй гай гүй байгаа иргэдийн хувьд эм хүрэхгүй нь гэж сандраад байх шаардлагагүй. Харин өвчний явц хүндэрч байгаа хүмүүс яаралтай эмчилгээнд хамрагдах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Манайхаас өөр хэдэн улс орон харвони эмийг хэрэглэж байна вэ. Зарим хүн монголчууд харвони эмийн туршилтад орж байна зэрэг мэдээллийг түгээж байгаа шүү дээ?

-Хорвони эмийн туршилт аль хэдийнэ дуусчихсан. Амьтан, эс, хүн дээр туршсан байдаг. Лабораторийн төвшинд туршиж үзээд маш олон орны өвчтөнүүд энэ эмийг ууж байна. Энэ эмийг ийм хөнгөлөлттэй үнээр авч хэрэглэх нь манай улсын хувьд алтан боломж шүү дээ. Хариуцлагагүй мэдээлэл түгээж, ярьж байгаа хүмүүсийн үгэнд автаад өөрсдийнхөө эрүүл мэндээр хохирох шаардлагагүй. Ингэж хариуцлагагүй юм ярьж байгаа хүмүүс таныг хагалгааны ширээн дээр элгээ тайруулах гээд хэвтэж байхад “би хариуцлага хүлээе” гээд ороод ирэхгүй шүү. Тэр хүмүүс хэзээ ч хариуцлага хүлээхгүй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Та сүүлийн үед транс тос хэрэглэхгүй байхыг зөвлөж, анхааруулж байгаа. Иргэд транс тосыг хэрхэн ялгах талаар асуудаг л даа?

-Транс тосыг иргэд ялгахад амаргүй. Ялангуяа нуугдмал транс тос их байна. Тэр дундаа гурилан бүтээгдэхүүнд орсон транс тосыг гаднаас нь хараад мэдэх аргагүй. Бялуунд транс тос байгаа эсэхийг ч мэдэх боломжгүй. Тиймээс хүнс үйлдвэрлэгчдийн шошгонд итгэхээс өөр аргагүй. Шошгон дээр маргарин гэж бичсэн байвал транс тос байх магадлал өндөр байдаг. Ургамлын тос бол транс тос биш. Гэхдээ химийн урвалд оруулаад транс тос үйлдвэрлэж байна.

-Манай нарийн боовны үйлдвэрүүд транс тос хэрэглэж байгааг та судалгаагаар танилцуулсан. Тэднийг бүтээгдэхүүнийхээ орцод транс тос хэрэглүүлэхгүй байхын тулд яах ёстой вэ?

-Бид судалгааг нь гаргалаа. Одоо үлдсэн ажлыг МХЕГ, салбар яамд нь хийх ёстой. Бид үндэсний үйлдвэрлэгчдийг хэрэглүүлэхгүй байх тал дээр нэгдүгээрт, шалгах эрх нь, хоёрдугаарт, чадамж ч байхгүй. Тэгэхээр төрийн байгууллагууд ажлаа хийх цаг нь болсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28024
0 эможи
keyboard_arrow_up