Эрүүл мэндийн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 5 сарын 09

Эрүүл Мэндийн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна.

 

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа:  Элэгний С вирусын эсрэг шинэ эмийг Монголд хямд үнээр худалдан авахаар болсон.

АНУ-ын Glead Science компанийн Sofosbuvir  хэмээх элэгний С вирусийг эмчлэх эмийг өнгөрсөн 12 сараас эмчилгээнд нэвтрүүлсэн. Нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.доллараар хийдэг юм байна. Харин манай улсад 6 сарын курс эмчилгээний эмийг 1800 ам. доллар буюу АНУ-ын зах зээлийн үнээс 44 дахин хямдаар нийлүүлэхээр боллоо. Тус компанийн төлөөлөлүүд 6 сарын эхээр ирнэ. Тэр үед өөр ямар боломж байгааг нухацтай ярилцана. Монголд шинэ эмийг бүртгэх дүрэм журам гэж бий. Хэрэв ердийн бүртгэлийг хүлээвэл дор хаяж 1-4 жил хүлээх болно. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар нэг компаний бүтээгдэхүүн маш сайн үр дүнтэй байгаа нь Glead Science компанийн Sofosbuvir. Эмийн судалгааг 4-5 жилийн өмнө хийж эхэлсэн. Эхлээд суурь судалгаа хийгдээд дараа нь клиникийн судалгаа хийж, 3 үе шатаа даваад гарч ирсэн эм. 2012 оны 12 сард АНУ-д бүртгэгдсэн. Sofosbuvir элэгний С вирусийн 70-80 хувийг устгах чадвартай. Харин одоо манайд хэрэглэж байгаа Интерферион нь 60-70 хувийн эмчилгээний үр дүнтэй ч гаж нөлөө ихтэй. Жишээ нь халуурна, бөөлжинө, дотор муухай оргино, үс унана гэх мэт. Тиймээс өвчтөнүүд маань эмчилгээг дундаас нь хаядаг.

ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Б.Алтанцэцэг: Бид Мөнгөн гүүр эмнэлэгт сарын түрээс гэж 29 сая төгрөг өгдөг

Тасгийн хэмжээндээ 80 ортой. Өдөрт 30-70 хүн үзүүлж 5-10 хүн хэвтдэг. Гэхдээ бид зөвхөн хүнд хэлбэрийн хэвтэх шаардлагатай хүмүүсээ авч байгаа. Мөн өдөрт дунджаар 5-10 хагалгаа хийдэг. Гэвч манайд ирэх хүмүүсийн тоо их учраас ачаалал их, ор тасаг хүрэлцэхгүй асуудал байнга гардаг. Түлэнхийн төвийн барилга хэзээ баригдах, ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл үнэндээ хомс байна. Анх тендэр зарлагдаад биднийг нүүж байхад 2 жилийн хугацаанд барилга баригдаж дуусна гэж байсан. Гэтэл өнөөдөр 2 жил өнгөрсөн байхад барилга бүү хэл суурь нь ч алга байна. Уг тендэрт “Цаст” Консракшн ялсан. Гэтэл одоо ямар ч сураг алга. Одоогоор бид хувийн эмнэлгийн байрыг түрээслэж байна. Бид сард 29 сая төгрөгийн түрээс өгдөг. Энд ирээд жил болж байна. Энэ хугацаанд 300 гаруй сая төгрөгийг дан түрээсэнд өгсөн байна.

ЭХЭМҮТ-ийн нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эх баригч Ө.Цэцэгмаа : Эмч хүн болно гэдэг хөдөөнөөс эхэлдэг юм билээ

Миний хувьд нийт 2600 хүүхэд эх барьж авсан. Миний хяналтанд улсын хэмжээнд дутуу төрсөн үр шилжүүлэн суулгуулсан, ихэр жирэмсэн эхчүүд байдаг. Сүүлийн үед төрөлт их залуужаад байгаа. Одоо 40,42,45,20 настай эмэгтэй төрж байна. Энэ утгаараа майнахан хүүхэд гэр бүлд хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлж байх шиг. Байгалиараа бол эх 47,48-тай ч төрж болно. Ээж өөрөө даралтгүй, дотор эрхтэн, зүрх судасны өвчингүй тарган биш байх хэрэгтэй. Эх барих эмч хүнд ажлын туршлага, чадвар их чухал байдаг. Ер нь эмч хүн болно гэдэг хөдөөнөөс эхэлдэг юм билээ. Их ч юмыг махчилж хийж сурдаг. Одоо эргээд бодоход хөдөө эх баригч хийж хамгийн халуун цэг дээр нь ажиллаж байсан үе хамгийн сайхан санагддаг. Наад зах нь бүх юмыг бие даан сурч, бүхнийг гардаж хийдэг байсан.

“Баянгол”  эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төвийн Эмэгтэйчүүдийн их эмч Л. Амарзаяа:  Манайх хүйсийн сонголтыг хориглодог

Үргүйдлийн шалтгааны органик буюу бие махбодын хувьд эмэгтэйчүүд 40 орчим, эрчүүд 30 хувь нь хамааралтай гэж оношилсон байдаг. Одоогоор үргүйдлийн шалтгааныг бүрэн тогтоож чадаагүй байна. Үр шилжүүлэн суулгалт нь байгаалиараа буюу өөрөөрөө жирэмслэх боломжгүй хосуудаас эр, эм бэлгийн эсүүдийг авч лабораторийн орчинд үр тогтоогоод тодорхой хугацааны дараа буцаан эхийн умайд суулгах юм. Сүүлийн үед хүүхдийн хүйсийг захиалдаг гэсэн яриа гараад байгаа. Хүйсийг нь захиалж болно. Гэхдээ энэ нь хүний эрх зөрчигдөж байна гэдэг үүднээс Азийн бүх оронд хориглосон. Иймд манай эмнэлэгт ч мөн адил хүйсийн сонголтыг хориглосон байгаа.

“Алтан мутар” эмнэлгийн ерөнхий эмч Б.Чимэд: Нурууны булчингийн чангарал хэтэрвэл ясанд суулт үүсдэг

Яс шохойжино гэдэг нь хөдөлгөөний дутагдлаас үүдэж нурууны ясанд суулт өгөхийг хэлээд байгаа юм. Суулт нь булчингийн чангаралаас үүдэлтэй буюу ердөө л залхуурсантай холбоотой.  Нурууны ясны суулт, муруйлтыг засахын тулд юуны өмнө бариа хийж, блок гаргана. Энэ эмчилгээг 45 минут орчим хийсний дараа физик эмчилгээтэй хавсарч хийх нь үр дүнтэй байдаг. Хамгийн үр дүнтэй эмчилгээний нэг бол 20-30 удаагийн бариа засал. Ерөнхийдөө хатуу аргаар “зодож” эмчилж байгаа явдал юм. Босоо тэнхэлэгтэй нурууны яс маань хүзүү толгой нийлсэн хэсгээс доош дарагдсаар гурван уулзах хүртэл үргэлжилдэг. Бүсэлхий, нурууны даацын мөгөөрс 400кг-г даах чадвартай гэдгийг судалгаагаар нотлогдсон. Тиймээс ямар нэг гэмтэл цохилтын улмаас нурууны нугалам хугарч зөөлөн эдийг шахах, эсвэл он удаан /10-20/ жил аажмаар суулт үүсэх магадлалтай.

МҮСБХ-ны нарийн бичгийн дарга С.Тулга:  Нярайн Судлалын тасагт шинэ аппарат бэлэглэлээ

МҮСБХ-ны “Бид нэг гэр бүл” хүмүүнлэгийн төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн нярай судлалын эрчимт эмчилгээний тасагт сая төгрөгийн үнэ бүхий цахилгаан салиа соруулагч, утагч аппарат бэлгэлсэн. Нярай болон бөглөрөлтэй байгаа хүүхдүүдийн хамар хоолой, амьсгалын замыг цэвэрлэх зориулалтын аппарат дутагдалтай байгааг хэд хэдэн хүнээс сонсож байсан. Тус тасаг өмнөх хүчин чадлаараа өдөрт 15-20 хүүхэд эмчилгээ, сувилгаа үзүүлэх боломжтой байсан бол одоо дээрх тооноос 3 дахин олон хүүхдэд эмчилгээ хийх боломжтой болсон.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2774
0 эможи
keyboard_arrow_up