Агаарын бохирдлоос үүдсэн таргалалт

2016 оны 1 сарын 13

Гүнзгий амьсгаа аваад гарга. Хэрвээ амьдардаг газар тань агаарын бохирдолтой бол амьсгаа авах бүртээ та диабет ба таргалалт руу дөхөх болно. Агаараас таргалах тухай бодол итгэмгүй боловч судалгаанаас яг ийм үр дүн гарсан гэнэ.

 

Адилхан хооллож, биеийн тамираар хичээллэдэг хоёр хүний амьсгалдаг агаарын бүтэц нь өөр байхад хэдэн жилийн хугацаанд нэг илүү жинтэй болж, бодисын солилцоо нь алдагдах эрсдэлтэй аж. Үүний буруутан нь машин болон тамхины утаан дахь хавдар үүсгэж, биеийн эд эсүүдэд эрчим хүчээ зөв зарцуулахад саад хийдэг жижиг хэсгүүд юм. Богино хугацаанд эрсдэл гарахгүй авч олон жилийн нөлөө нь ноцтой өвчлөлд хүргэх магадлалтай. Дээр нь хорт утааны нэг уршиг болох амьсгалын замын өвчнийг дурдах ёстой.

Канадын Торонтогийн их сургуулийн судлаач Цинхуа Сунь хотын оршин суугчид яагаад хөдөөгийнхнөөс илүү зүрх судасны өвчлөлд өртөмтгий байдгийн учрыг тайлбарлахыг оролдов. Мэдээж амьдралын хэвшил нэг шалтгаан байж болно. Томоохон хотын түргэн хоолны газрын үйлчилгээ эрүүл хооллолтод тус хүргэхгүй нь лав.

Нөгөө талаар судлаачид түүний сонирхсон асуудал агаарт байгаа юм биш үү гэсэн бодол төржээ. Нарийвчлан судлахын тулд дэлхийн янз бүрийн хотын орчин бүрдүүлсэн нөхцөлд туршилтын хулгануудыг байрлуулав. Нэг хэсэг шүүсэн цэвэр агаараар амьсгалж байсан бол заримынх нь хайрцаг руу хотын төв, ачаалалтай зам орчмынхтой адил агаарын коктейль шахсан байна.

Туршилтын явцад эрдэмтэд хулгануудын жинг хэмжиж, янз бүрийн сорьц авч бодисын солилцоог хянажээ. Анхны үр дүн 10 долоо хоногийн дараа мэдэгдэж эхлэв. Бохир агаараар амьсгалсан хулганууд хэвлий болон дотор эрхтнийхээ орчимд илүү өөхтэй болсон байлаа. Дуран авайгаар харахад тэдний өөхний эд эс нь жирийнхээс 20 хувь томорчээ.

Үүнээс гадна, тэд инсулиний үйлчлэлийг бага мэдэрдэг болсон гэнэ. Цусанд ууссан сахарыг чөлөөлдөг бодист дархлаатай болж байгаа нь диабетийн эхний шинж тэмдэг юм. Энэ үйл явц хэрхэн явагддаг тал дээр эрдэмтэд бүрэн санал нийлээгүй байгаа. Гэхдээ цаашдын туршилтаар бохир агаар амьд организмд таатай бус нөлөөлөл үүсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрэв.

Үүний гол шалтгаан нь 2.5 микрометр хүртэл голчтой жижиг хэсгүүд бөгөөд энэ нь хотын агаарыг сааралтуулдаг бодисууд билээ. Амьсгаа авахад хорт бодисууд уушгин дахь хүчилтөрөгчийг цусанд шингээдэг бичил бөмбөлгүүдийг цочроодог байна. Улмаар салст бүрхэвчид стресс үүсгэн мэдрэлийн систем идэвхтэй хариу үйлдэл хийдэг.

Тухайлбал, инсулиний үйлчилгээг сааруулдаг гормон ялгарах, цуснаас инсулинд мэдрэмтгий эд гадагшлах зэргээр цусан дахь сахарын зохицуулалт алдагддаг аж. Цаашлаад жижиг хэсгүүд организмаас цус руу цитокин хэмээх дохионы молекулыг илгээж, дархлааны эсүүд эрүүл эдийг довтлох нөхцөл үүсгэдэг байна.

Түүнчлэн хоолны дуршлыг зохицуулдаг гормон болон тархины үйл явцад нөлөөлж, организмын эрчим хүчний тэнцвэр алдагдан чихрийн шижин, таргалалтаас гадна цусны даралт нэмэгдэх гэх мэт зүрх судасны асуудалд хүргэдэг гэж Калифорнийн их сургуулийн судлаач Майзл Жеррет хэлжээ. Агаарын бохирдол жирэмсэн эхчүүд болон хүүхдэд хэрхэн нөлөөлдгийг судалсан Колумбын их сургуулийн эрдэмтэн Эндрю Рандл хооллолт, гэр бүлийн орлого зэрэг бусад хүчин зүйлийг тооцоод агаарын бохирдол ихтэй дүүрэгт өссөн илүүдэл жинтэй хүүхдийн тоо цэвэр агаартай нутгийнхаас 2.3 дахин олон байгааг тогтоосон байна.

Түүнчлэн доктор Чэнь Онтарио мужийн 62 мянган иргэний 14 жилийн эрүүл мэндийн дэвтрийг судалжээ. Түүний тооцоогоор нэг шоо метр агаар дахь хорт бодисын хэмжээ 10 микрограммаар нэмэгдэхэд диабетийн эрсдэл 11 хувь өсдөг гэнэ. Азийн зарим хотод нэг шоо метр агаар дахь нарийн тоосонцрын хэмжээ 500 микрограмм хүрдэг нь түгшүүр төрүүлж байгааг эрдэмтэд анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27714
0 эможи
keyboard_arrow_up